Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.07/ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уламжлал ёсоор Монгол орноо тойрч иргэд, хөдөлмөрчдийн санал, хүсэлтийг сонсохоор ирснээ дуулгаж, иргэдийн төлөөлөгчдийг уулзалтад идэвхтэй оролцохыг хүсэв.
Ийнхүү уулзалт иргэдийн санал хүсэлтийг сонссоноор эхэллээ. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн санал, хүсэлтийг тоймлон хүргэж байна.
Өмнөговь аймгийн иргэн Бараадууз:
“…Өмнөговь аймагт сүүлийн 15 жилд ган болоогүй ганцхан сум байгаа нь Даланзадгад сум. Өмнөговь аймгийн аль ч суманд 3-5 жилд нэг удаа зуд болдог. 1949 оны зудаас хойших зуд болсон жилүүдийг бүгдийг нь мэдэж байгаа учраас би баталгаатай хэлж байна. 3 жилд нэг удаа зуд болдог байсан энэ газар сүүлийн 15 жил дараалан ган болоогүй вэ гэхээр Өмнөговь аймгийн хөдөлмөрчид Ханхонгор сумын нутагт 500 га газар хайлаасан ой байгуулсантай холбоотой болов уу.
Яагаад гэвэл 100 га газрыг бүрхсэн ой хур тунадас татах чадвартай гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэд судалж, нотолсон байдаг. Ерөнхийлөгч Та ойжуулах ажилд их анхаарал тавьж, санаачилга гаргадаг. Тэгэхээр энэ ажлаа улам эрчимжүүлж, аймаг болгонд, тухайлбал, говийн аймгуудын гурван сумын дунд 500 га газрыг ойжуулж, ташуурдаж өгөөч.”
Өмнөговь аймгийн иргэн Д.Гантуяа:
“…Би төрд 28 жил, үүнээс авто тээврийн салбарт 18 жил ажилласан хүн. Би намын харъяаллаас болж тэтгэвэрт гарах хугацаанаасаа зургаан сарын өмнө халагдсан. Би өнөөдөр гомдол мэдүүлэх гээгүй. Тээврийн байгууллага гэдэг бол үндсэндээ хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгийн өндөр стандартыг мөрдүүлж байх хариуцлагатай том байгууллага юм. Өнөөдөр маш олон хүн авто замын ослоор өөд болж байна.
Олон олон залуучууд гэр орноо тэжээх гэж тээвэр хийж яваад залуу насандаа, архины хамааралтай болоод хамааралгүйгээр амиа алдаж байна. Энэ асуудлаар би яам болон бусад газарт санал, хүсэлтээ тавьсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй байна. Намын харъяаллаар ямар ч мэргэжилгүй хүмүүсээр мэргэжлийн байгууллагыг дүүргэж байна. Хүний амь насны төлөө, тээвэрчдийн төлөө та онцгой анхаарч, тээврийн стандартыг мөрдүүлж байх энэ том байгууллагад ач холбогдол өгч ажиллаач гэж хүсье.”
Өмнөговь аймгийн иргэн Х.Одонтуяа:
“…Өмнөговь бол уул уурхайн салбараас ихэнх төсвөө бүрдүүлдэг аймаг. Өнөөдөр Өмнөговь болон Дорноговь аймгийн нутагт 700 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Эндээс манай Өмнөговь аймгийн Цогтцэций сум болон Гашуунсухайтын боомт руу 59 км төмөр зам нь орж ирэх юм билээ. Үүнийг дагаад бид зөвхөн Гашуунсухайт боомтоор экспортын бүтээгдэхүүн гаргахгүйгээр ОХУ руу нүүрсээ экспортолж, уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэх боломж нь бүрдэж байгаа. Энэ нь Өмнөговь аймгийн залуучуудад маш таатай мэдээ болж байгааг Ерөнхийлөгчид дуулгаж, баярлалаа гэж хэлмээр байна.”
Өмнөговь аймгийн иргэн Ө.Ваанчиг:
“…Өмнөговь аймаг байгалийн баялагтай. Говь нутгийнхаа хөгжил дэвшил, улс эх орондоо хувь нэмэр оруулж байгаа Өмнөговь аймгийг төр, засгаас харж үзэх хэрэгтэй. Оюутолгой, Тавантолгойн ордууд маш их нөөцтэй. Олон жил яригдсан Оюутолгой, Тавантолгойн нөөцийг ашиглан дулааны цахилгаан станцууд барих ажлыг хэрэгжүүлж, урд хөршөөс цахилгаан авахаа больж, өөрсдөө цахилгаан экспортолдог болох арга хэмжээ авч өгөөч.”
Өмнөговь аймгийн иргэн Идэрзориг:
“…Би төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцаад ирсэн. Тэнд монголчууд нэгдээд хийж, бүтээн байгуулж чаддаг, хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг монголдоо шингээж чаддаг гэдгийг харуулсан сайхан ажил явж байна. Таны санаачилсан ажил хурдтай явж, Монгол Улсын эдийн засгийн баазыг бэхжүүлэхэд үүрэг гүйцэтгэж байгаад баяртай байна.
Төмөр замын бүтээн байгуулалтыг дагаад Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий 17 ордын үнэлэмж сэргэх юм байна. Түүнийг дагаад Өмнөговь аймагт ус зайлшгүй хэрэгтэй. Ханбогд сумын иргэдэд усыг заавал авчраарай гэж Төрийн тэргүүн танд дамжуулах үүргийг надад өгч энэ уулзалтад явуулсан. Өмнөговь аймагт ус зайлшгүй хэрэгтэй байгаа учраас “Орхон говь”, “Хэрлэн говь” зэрэг төслүүд болон бусад боломжтой хувилбараар манай аймгийг устай болгох ажлыг гардан хийгээрэй гэж захья.”
Өмнөговь аймгийн иргэн Т.Чимэгмаа:
“…Би Дундсайхан сумын 4 дүгээр багийн иргэн байна. Манай багийн бүх иргэд, айл, өрхүүдийг хамруулсан “Хөршийн холбоо” байгуулаж ажиллаж байгаа. “Хөршийн холбоо” нь багийн ард иргэд, айл, өрхүүдэд бүгдэнд нь хүрч ажилладаг. Тухайн өрхөд ямар хүмүүс амьдардаг, хэн нь халамжаа авч чадахгүй байна гэх зэрэг асуудлыг нь мэдэж, иргэн бүртэй харьцдаг. Иймээс засаг захиргааны анхдагч нэгж болох баг дээрх “Хөршийн холбоо”-ны ажилтныг багийн төв дээр ажиллуулж, төсвөөс цалинжуулж болдоггүй юм уу гэсэн санал тавих гэсэн юм” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулж, уулзалтыг дүгнэж үг хэллээ. Энэ үеэрээ Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт өрнөж буй Зүүнбаян-Цогтцэций, Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн 700 орчим км төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон цаашид Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын дагуу зүүн, баруун бүсийг төмөр замаар холбох ажлын талаар мэдээлэл өглөө.
Мөн “…Өнөөдрийн уулзалтаар олон малчин усны асуудлыг ярилаа. Ус бол манай орны суурь асуудал юм. Говийн бүсэд төмөр замын дэд бүтцийг тавьж, улмаар Сүхбаатар аймгийн Баруун-Уртаас Говь-Алтай аймаг хүртэл төмөр зам дагасан хоолой тавих юм. Энэ хоолойг дагаад газар тариалан хөгжиж, малын бэлчээр усжаад эхэлнэ. Үүн дээр орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой” гэв.