Өнгөрсөн хугацаанд Архивын Ерөнхий газар, Эрдэнэт үйлдвэртэй олон ажил хамтран хэрэгжүүлж иржээ. 1995 онд Улсын архивын хэрэг эрхлэх газрын таван архивч 1972-1994 он хүртэлх 10 тонн баримтыг архивын сан хөмрөгт бүрдүүлсэн нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны эхлэл суурь болсон юм. Үүнээс хойш 35 тонн зураг, төсөл, техникийн задгай баримт цуглуулж, Эрдэнэт үйлдвэрийн төрөлжсөн архивыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн 35, 40 жилийн ойн хүрээнд түүхэнд холбогдох архивын баримтуудыг Монголын болон ОХУ-ын төрийн архивуудаас судлан илрүүлж, хуулбарлах ажлыг хамтран хэрэгжүүлсэн байна. Мөн 2001, 2018 онд Монгол Улс, ОХУ-ын архивын хамтарсан комиссын ээлжит хурлыг Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгээр зохион байгуулж байсныг ч энэ үеэр дурслаа. Санамж бичиг үзэглэх ёслолд Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал, Мэдээллийн технологийн газрын дарга Х.Төмөрбаатар, Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Цогтбаатар, Зураг төслийн архивын баримтын эрхлэгч О.Тунгалаг, Түүхийн баримтын архивын эрхлэгч Н.Нинжбадгар нарын холбогдох албаны мэргэжилтнүүд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын талаас Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, түүний санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр нарын удирдлагууд оролцож, хамтын ажиллагаагаа дүгнэн бататгалаа.
М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС