logo
Идэвхтэй алхалтын 10 хоног аян үргэлжилж байна

Идэвхтэй алхалтын 10 хоног аян үргэлжилж байна

2020/10/23

Жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэхүү өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж байна. Энэ жил НҮБ-д гишүүнээр элссэний 59 жилийн ойг угтан Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир спортын Улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Спортын хороо, Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Идэвхтэй алхалтын аян” уриан дор идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд 10 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд сурталчилан зохион байгуулж байгаа юм.

Аяны хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон Дүүргийн ЗДТГ-уудад хамтран ажиллах албан бичиг хүргүүлж спорт хорооны мэргэжилтнүүдэд ААН байгууллага, албан газар, иргэд, хувь хүмүүсийг идэвхтэй оролцуулах талаар чиглэл өгсний дагуу төрийн албан хаагчид өдөрт 10 000 алхам алхах, алхаж ажилдаа ирж очих, цахилгаан шатаар бус шатаар, машинаар биш явганаар зорчих зэрэг үйлийг дадал болгох эхлэл тавигдлаа.

Цаашид энэхүү үйлийг хэвшүүлэх, аж ахуй нэгж байгууллагууд хоорондоо алхалтын өдрийг чэлленж байдлаар дамжуулж бусдыгаа уриалах зэрэг ажлууд хийгдэнэ. Мөн аяны хүрээнд иргэдэд зориулсан алхалттай холбогдолтой эрүүл мэндийн зөвлөгөө, гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материалыг Монголын оюутны холбоотой хамтран гарцаар гарч байгаа иргэдэд тарааж буй. Түүнчлэн "Дэлхийн алхалтын өдөр"-ийн арга хэмжээг жилд 2 удаа улс орон даяар тэмдэглэж байх, алхалтын ач тусыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах ажлыг цаашид тогтмол зохион байгуулна. Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 77 хувийг эзэлж байна. Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой.

Дашрамд дурдахад дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвх муутай байдаг бөгөөд хөдөлгөөний хомсдлын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг байна. Түүнчлэн хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болдог байна. Иймээс ДЭМБ-аас насанд хүрэгсэд өдөрт 30 минут, хүүхэд өсвөр үеийнхэн 60 минутын хугацаатай идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10 000 алхахыг зөвлөдөг.

 Нийслэлийн Спортын хороо

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш