ХАБЭАХ-ийн Эрүүл ахуйн албанаас энэ онд зохион байгуулж буй ажил, хүрсэн үр дүнгийн талаар тус албаны дарга О.Алтансүхтэй ярилцлаа.
-Саяхан танай алба “Эрүүл ажлын байр” аян явуулж дүнгээ гаргалаа. Мөн “Ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хэвшүүлье” аян явагдаж байна. Энэ талаар та эхлээд ярих уу?
-ХАБЭА-н хэлтсийн Эрүүл ахуйн алба төлөвлөгөөнд тусгасны дагуу ойрын хугацаанд гурван ч аян өрнүүлж байгаа. Үүний нэг нь ХАБЭА-н хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчлах, ҮОМШӨ-өөс сэргийлэх зорилготой “Эрүүл ажлын байр” гурван сарын аяныг ХАБЭА-н долдугаар баг буюу ISO-45001 багтай хамтран зохион байгууллаа. Манай хэлтэс болон цехүүдийн ХАБЭА-н ажилтнуудыг 9 багт хуваан ажиллаж байгаа. Шалгуур үзүүлэлтээр эхний гурван байр шалгаруулж шагнаж урамшуулсан. Нэгдүгээр байрт Цахилгааны цех, хоёрдугаар байрт Засвар угсралтын цех, гуравдугаар байрт Баяжуулах үйлдвэр шалгарлаа. Эхний хоёр байрт шалгарсан цехийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдаанд оролцуулах юм. 2012 онд Баяжуулах үйлдвэр энэ уралдаанд тэргүүлсэн.
“Ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хэвшүүлье” хоёр сарын аян бас үргэлжилж байна. Энэ аяны зорилго нь ажилчдыг сэдэлжүүлж, дадал хэвшил бий болгох юм. Ажил эхлэхийн өмнө 5 минутыг өөртөө зориулаад дасгал хөдөлгөөн хийснээр ажилчдыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Ер нь дасгалаа хийгээд ажилдаа гарснаар бие халж, аюулгүй ажиллах, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх томоохон хөшүүрэг болдог. Найман тоот дасгалын зурагт хуудас гарган бүтцийн нэгжүүдэд тарааж өгсөн. Бүтцийн нэгжүүд наряд даалгавар аваад ажилдаа гарахдаа дасгалаа хийж хэвшиж байгаа. Шалгарсан бүтцийн нэгжийг шагнаж урамшуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм.
-Гурав дахь аяны тухайд?
-Нэг сарын хугацаатай “Үйлдвэрлэлийн орчны гоо зүй” аяны дүн 12-р сарын нэгэн гэхэд гарна. Аянаар ажлын байрны тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээ, өнгө үзэмж, гэрэлтүүлэг, агааржуулалт, халаалтын системд тулгамдаж буй асуудлыг тухайн үед нь шийдэх юм.
Бид саяхан хөдөлмөрийн эрүүл ахуйн лабораторийн магадлан итгэмжлэлээ сунгуулсан. Анх 2007 онд Стандарт, хэмжил зүйн газраас магадлан итгэмжлэгдсэн бол өдгөө дөрөв дэх удаагаа дөрвөн жилээр сунгууллаа. Ажлын байрны хортой хүчин зүйлсийн хэмжилт хийж гүйцэтгэж, түүний үр дүнгээр ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийн ангиллыг тодорхойлдог.
-Үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлстэй ажлын байруудад хэмжилт шинжилгээ хийдэг. Үүнийг үндэслэн ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?
-Манай Эрүүл ахуйн алба нь ажлын байрнаас үүдэлтэй сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, Мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд анхааран ажилладаг. Үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлстэй ажлын байруудад түлхүү хэмжилт, мониторинг хийж, хяналт тавьж ажилладаг. Ялангуяа тоосжилт, шуугиан ихтэй, биеийн хүчний үйлчлэл, химийн бодисын ууршилт ихтэй ажлын байруудаа сонгон үүн дээр хорт хүчин зүйлсийн хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хяналт тавьж, хэрхэн яаж бууруулах талаар удирдлагуудтай нь зөвшилцөж, ажлын нөхцөлийг нь сайжруулж ажилладаг. Тухайлбал, Ган бөөрөнцгийн цех нүүрс хийжүүлэх зуухны технологитой байх үед угаарын хийн өртөлт ихтэй байсан бол технологийн шинэчлэл хийснээр арилсан. Мөн Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн гуравдугаар конвейерт хүдрийн тоосжилт их байсныг тоос дарах спрей систем суурилуулснаар тоосжилт багагүй хэмжээгээр буурсан. Химийн бодисын ууршилтын тухайд Аж ахуй, үйлчилгээний цехийн Угаалга, хими цэвэрлэгээний хэсэгт органик нэгдлийн өндөр агуулгатай урвалж ашигладаг байсныг Худалдан авах ажиллагааны болон Хангамжийн хэлтэстэй хамтран органик нэгдлийн агуулга багатай урвалж бүтээгдэхүүн захиалан ашигласнаар ажилчдын эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөө үзүүлсэн. Мөн ажилчдын усанд орох өрөө, саун зэрэг ахуйн байрны ариун цэврийн байдалд нян судлалын арчдас, дээж авч хяналт тавин ажилладаг.
-Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг зарим цехэд хийж байгаа гэсэн. Үүний дагуу ямар арга хэмжээ авч байна вэ?
-Тухайн ажлын байрны доргион шуугиан, тоосжилт зэргийг өвчлөлтэй холбож судлаад, ажилчдын эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлж байгаа. 2019 оноос Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цехийг хамруулсан. Гурван жилийн хугацаанд бүх цех нэгжээ хамруулах зорилготой ажиллаж байна. Баяжуулах үйлдвэр дээр ноднин жилийн эрсдэлийн үнэлгээний үр дүнгээр нөхцөлийг сайжруулах төлөвлөгөө боловсруулсан. Тоосжилт, дуу шуугиан, доргион, эргономик гэсэн дөрвөн чиглэлийн хүрээнд сургалт зохион байгуулж, зурагт хуудас байрлуулан, мэдлэг мэдээллээр хангаж байгаа. Агааржуулалтын системийг сайжруулах, технологийг үе шаттай шинэчлэх чиглэлээр хамтарсан төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Баяжуулах үйлдвэрийн бүх хэсэгт агааржуулалтын системд аудит хийлгэсэн. Технологи өргөжиж, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж буйг дагаад ажлын байрны орчин нөхцөл, агааржуулалтын систем шинэчлэгдэх ёстой. Гэтэл тэр нь хоцрогдолтой байна. Төв корпус гэхэд зундаа бүгчим халуун байна гэж гомдол гардаг. Агааржуулалтын аудитыг ШУТИС-ийн эрдэмтэн багш нар хийж байгаа. Урвалжийн хэсгийн агааржуулалтын системийн агааржуулалтыг шинэчлэн солих, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил хийж байна. 2021 оноос НБХ, ШХХ гэх мэтээр үе шаттай хийгдэнэ.
-Цаашдын зорилтынхоо талаар ярина уу?
-Бид ирэх онд мэргэжлийн байгууллагаар хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэнэ. Ажлын байрны тоосжилт, химийн бодисын ууршилт үгүй болсон бол нөхцөлийг бодитой тогтоолгоно. Бид хэвийн бус нөхцөлтэй ажлын байруудыг үе шаттайгаар хэвийн рүү оруулах зорилготой. Ингэснээр, ажилчдын ажиллах нөхцөл сайжирч, ажилчдын эрүүл мэндийн чанар дээшлэх юм.
Я.Энхтуяа
Фото: Ш.Лхамсүрэн