УИХ-ын чуулганы энэ сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа.
УИХ-ын даргын захирамжаар 2020 оны 01 дүгээр сард байгуулагдсан тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажиллаж, холбогдох төслийг боловсруулан өргөн мэдүүлжээ. УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Л.Мөнхбаатар, З.Нарантуяа нар төслийг санаачилсан гэлээ. Нийгмийн даатгалын багц хуулийг 1994 онд баталж, 1995 оноос мөрдөж эхэлснээр хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалын харилцаанд шимтгэл төлж оролцох, үүнд ажил олгогч төр тодорхой хэмжээгээр хамтран шимтгэл төлөх харилцааг зохицуулсан. Тус хуулийн дагуу Монгол Улсын тэтгэврийн одоогийн тогтолцоо хуваарилалтын зарчимд тулгуурлаж байгаа бөгөөд шимтгэл төлөгч иргэнд зориулсан хуримтлал байдаггүйг тэрбээр танилцуулгадаа дурдлаа. Шимтгэл төлж буй иргэдийн шимтгэлийг одоо тэтгэвэр авч байгаа иргэдэд шууд хуваарилж байгаа өнөөдрийн тогтолцоо хоцрогдсон болохыг иргэд, судлаач, мэргэжилтнүүд хэлж байгаа гэв. Нийт тэтгэвэр авагчдын 90 гаруй хувь 500.000 төгрөг хүртэлх тэтгэвэр авч байгаа нь ахмад настны хэвийн амьжиргаанд хүрэлцэхгүй байгааг хэллээ. Тэтгэврийн даатгалын сан олон жил алдагдалд орж, жил бүр 600 орчим тэрбум төгрөгийг улсаас санхүүжүүлэх нөхцөл бүрдээд байгаа аж.
Хүн амын дундаж наслалт 2015 оны байдлаар 69.9 (эрэгтэй 66.02, эмэгтэй 75.8)-д хүрч, 2006 оны түвшинтэй харьцуулахад 4 насаар нэмэгдсэн байна. Нийт хүн амд ахмад настны эзлэх хувийн жин 2016 оны байдлаар 8.2 байгаа бол 2040 онд энэ үзүүлэлт 20 орчим хувьд хүрэхээр байна. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4 хүн, 2020 он гэхэд 5 хүн, 2040 онд 8 хүн болох урьдчилсан тооцоололтой байна. Хүн амд эзлэх залуучууд, хөдөлмөр эрхлэгчдийн тоо буурах ерөнхий чиг хандлагаас тооцоход одоогийн тогтолцоогоор тэтгэврийг нэмэгдүүлэх, Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах боломж тун хомс байгаа ба эцсийн арга нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээс өөр гарцгүй байгаа гэв. Цаашилбал тэтгэврийн даатгалын шимтгэл төлөгч иргэн тэтгэвэрт гарахаас өмнө нас барсан тохиолдолд хохирох, урт хугацаанд төлсөн шимтгэл иргэнд үр ашиггүй, ач холбогдол бага байдаг талаар дурдсан. Одоогийн хуулийн дагуу, тэтгэвэр тогтоох аргачлалаар тухайн иргэний насан туршдаа Тэтгэврийн даатгалын санд төлсөн нийт шимтгэлийг авч үзэхийн оронд тодорхой богино хугацааг тооцож, тогтоож байгаагаас зарим иргэн хуулийн цоорхойг ашиглаж шударга бусаар илүү өндөр тэтгэвэр тогтоолгох нөхцөл байдал ч үүссэн болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан.
“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичгийн 3 дугаар бүлгийн 1 дүгээр зорилт нь “Амьдралын баталгааг хангах нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхүйц нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлнэ” гэж заасан ба нэгдүгээр үе шатанд (2021-2030) тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлсэн байна гэж заасан. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлж, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан байдаг.
Ирээдүйд ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, нэг тулгуурт тогтолцооноос олон тулгуурт тогтолцоонд шилжих хүрээнд хувийн тэтгэврийг бий болгох зайлшгүй шаардлага тулгарсан гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Хувийн тэтгэврийн тогтолцоо нь тэтгэврийн орлогынх нь гол эх үүсвэр болдог Голланд, Австрали, Норвеги, Дани зэрэг орны тогтолцоог олон улсад шилдэгт тооцдог. Манай улсад хувийн тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч, зарим байгууллага төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, даатгалын байгууллагын хэлбэрээр хувийн тэтгэврийн санг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байна. Иймээс эдгээр хувийн тэтгэврийн санд шимтгэл төлж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг энэ удаагийн Улсын Их Хурал бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл нь Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх хүрээнд ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх хувийн тэтгэврийн эрх зүйн үндсийг бүрдүүлж, Хувийн тэтгэврийн санг бий болгох, шимтгэл төлөгчдийн хуримтлалыг бий болгох, түүгээр хөрөнгө оруулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд хувийн тэтгэвэрт хамрагдах нөхцөл бололцоо бүрдэх төдийгүй хуримтлалд нь хүүгээс хүү бодогдох, хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэж тооцогдох юм байна. Ингэснээр иргэд улсын Тэтгэврийн сангаас гадна Хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авч, орлогынхоо тодорхой хувийг тус санд шимтгэл хэлбэрээр хуримтлуулснаар хуримтлалдаа суурилсан шимтгэлийн үр ашгийг хүртэх юм байна. Тус тэтгэврийн хуримтлал нь өвлөгдөх боломжтойгоос гадна тэтгэвэрт гарахдаа хуримтлалын 50 хүртэлх хувийг бэлнээр авах сонголтыг төсөлд тусгажээ. Урт хугацаат хувийн тэтгэвэр нь ахмад настны тэтгэврийн орлогын гол эх үүсвэр болох боломжтой бөгөөд тухайн иргэний хөдөлмөрийн үр шим байх аж. Улмаар улсын тэтгэврээс хараат бус, амьжиргаагаа хэвийн үргэлжлүүлэх хэмжээний хуримтлалыг тус сангаас дангаар бүрдүүлэх бололцоотой. Ингэснээр улсын тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг өндөр хувиар нэмэгдүүлэхгүйгээр улсын Тэтгэврийн даатгалын санг алдагдалгүй болгох бололцоотой гэж үзсэн байна. Хувийн тэтгэврийн сан нь хөрөнгийн зах зээлийн нэг гол оролцогч болж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд хүргэнэ гэж тооцжээ. Тэтгэврийн шимтгэл төлөгч иргэн бүр тэтгэврийн сан дахь хуримтлалаараа дамжуулан хөрөнгө оруулагч болох бөгөөд улсын эдийн засгийн өсөлт, томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны ашгийг хүртэгч болох аж.
Тэтгэврийн нэг тулгуурт тогтолцооноос олон тулгуурт тогтолцоонд, хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих бөгөөд үүний эхний алхам нь дээрх хуулийн төсөл гэлээ. Олон тулгуурт тогтолцоонд шилжихийн тулд Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны загвар нь хөрөнгө оруулалтын сан буюу хуримтлал суурьтай байна гэлээ. Хуулийн төсөл батлагдан, хэрэгжиж эхэлснээр Монгол Улс олон тулгуурт тэтгэврийн тогтолцоотой болох бөгөөд улс нь одоогийн даатгал буюу хуваарилалтын тогтолцоотой, хувь нь хуримтлал буюу хөрөнгө оруулалтын сангийн тогтолцоотой ажиллах аж. Хувийн тэтгэврийн сангууд нь ирээдүйд улсын Тэтгэврийн даатгалын сангийн ачааллыг багадаа 50 хувиар бууруулна. Үүний дараа улсын тэтгэврийн даатгалын шинэчлэлийг хийх таатай нөхцөл, боломж бүрдэнэ гэж тооцсон гэв.
Монгол Улсын иргэн бүрд улс, нийгмийн баялгийг тэгш хүртээх, иргэн бүрийн ирээдүй баталгаатай байх, хүссэн ажил мэргэжлээрээ ажиллаж, авсан цалин хөлсөөрөө хангалуун амьдрах, аз жаргалтай байхад тэтгэврийн тогтолцоо чухал үүрэгтэй гэв. "Нийгэмд тэтгэврийн талаар буруу ойлголт байгаа, тэтгэвэр бол даатгалын үйлчилгээ биш. Одоогийн тогтолцоо нь иргэдэд биш санд ашигтай хувилбараар явагдаж байгаа" гэдэг шүүмжлэлийг Н.Учрал гишүүн танилцуулгынхаа үеэр хэлж байлаа. Тэтгэвэрт гарахаасаа өмнө нас барсан тохиолдолд олон жил төлсөн шимтгэлийнхээ үр өгөөжийг хүртэж чадахгүй, түүнийг нь ар гэр нь ашиглах ямар ч бололцоогүй байгааг тэмдэглэлээ. Үүний шалтгаан нь тэтгэврийн тогтолцоо болохыг тайлбарласан. Хуримтлал суурьтай буюу хөрөнгө оруулалтын зарчмаар ажиллах Хувийн тэтгэврийн сан нь иргэдийн тэтгэврийн хуримтлалыг хөрөнгө оруулалт хийх замаар урт удаан хугацаанд өсгөх, иргэн нэр дээрх тэтгэврийн хуримтлалыг ямар ч тохиолдолд захиран зарцуулах эрхтэй байх аж. Энэ хуримтлал нь өвлөгдөх, ар гэрийнхэнд нь үлдэх ёстой гэдэг зарчмыг төсөл санаачлагчид баримталжээ.
Хуулийн төсөлд нэг хуулийн этгээдийн Хувийн тэтгэврийн санд эзлэх хувь 10-аас хэтрэхгүй байх, Монгол Улс 5-аас илүүгүй хувийн тэтгэврийн сантай байх, нийт тэтгэврийн сангийн 1-ээс илүүгүй хувийг компани, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийх эрхийг олгох, хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжийн 10 хувиас хэтрэхгүй хэмжээнд хөрөнгө оруулалт хийж, Тэтгэврийн сангаас аливаа хэлбэрийн зээл, урамшуулал олгохгүй байх, шимтгэл төлж буй иргэдээс бүрдсэн хяналтын зөвлөлийг ажиллуулах зэргээс гадна компанийн засаглал, хөрөнгө оруулалтын бодлоготой холбоотой зохицуулалтыг тусгайлан оруулсан гэлээ. Хуулийн төслийг баталснаар хамгийн ажлын байрыг олноор бий болгогч компани, аж ахуйн нэгжүүд нэгдэн Хувийн тэтгэврийн сан үүсгэж, ажилчдадаа болон олон нийтийн тэтгэврийн хуримтлалыг үүсгэж эхлэх бөгөөд ирэх 5 жилийн хугацаанд багадаа 300 мянган иргэн хувийн тэтгэврийн хуримтлалтай болох тооцоолол хийжээ.
Нийгмийн бодлогын байнгын хороо төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тэтгэврийн шинэчлэл хийхийг дэмжиж байгаа ч Засгийн газраас өргөн мэдүүлэх Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй уялдуулах шаардлагатай хэмээн үзэж, төслийг хэлэлцэхийг дэмжээгүй байна. Иймд төслийг төсөл санаачлагчид буцаах тогтоолыг боловсруулснаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэжээ.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Х.Баделхан, Б.Саранчимэг, Ш.Адьшаа, С.Чинзориг, С.Амарсайхан, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, П.Анужин, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Т.Доржханд нар асуулт асууж, төсөл санаачлагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа.
Төрөөс олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих бодлогыг баримтлахаар шийдвэрлэсэн бөгөөд эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд иргэн бүр сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд хувиараа болон ажил олгогчийн дэмжлэгтэйгээр даатгуулж, нэмэгдэл тэтгэвэр авах боломжийг бүрдүүлэхээр холбогдох бодлогын баримт бичгүүдэд тусгасан гэдгийг А.Ариунзаяа сайд гишүүдийн асуултад хариулахдаа тайлбарлалаа. Засгийн газрын зүгээс боловсруулж буй төслүүдэд энэ төрлийн даатгал нь нэмэлт, сайн дурын үндсэн дээр байх ёстой буюу одоогийн тогтолцоонд нэмэлт ачаалал үүсгэхгүй байх, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар тусгаснаараа ялгаатай. Хэлэлцэж буй хуулийн төслийн хүрээнд одоогийн нийгмийн даатгалын шимтгэлийн 4 хувь буюу ажил олгогчоос төлж буй шимтгэлийн 2, иргэний төлж буй шимтгэлийн 2 хувийг албан журмаар Хувийн тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан нь одоогийн Тэтгэврийн даатгалын санд ачаалал үүсгэнэ. Нөгөөтэйгүүр, үүний үр өгөөжийг хэзээ, хэнд, хэрхэн хүртээх нь хэлэлцэж буй төсөлд байхгүй гэдгийг А.Ариунзаяа сайд тайлбарласан. Төсөл санаачлагчид Засгийн газар болон холбогдох яамд, байгууллагуудтай олон удаагийн уулзалт, зөвшилцөл хийсэн бөгөөд богино хугацаанд үр дүн гаргах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлийн 4 хувийг албан журмаар татах зохицуулалтыг төсөлд тусгасан гэв. Одоогоор энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд олон иргэнд энэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнээ борлуулсан байгаа учир тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, хохирох эрсдлээс хамгаалах шаардлагатай гэдэг тайлбарыг Н.Учрал гишүүн хэллээ. Одоогийн тогтолцоогоор шударга бус хуваарилалт хийдэг гэдэг гомдол иргэдэд байдаг, харин төсөл дэх зохицуулалтаар тогтолцоог бүрдүүлвэл иргэн бүр нэр дээрээ тэтгэврийн хуримтлалтай болох ач холбогдолтой гэв.
Төслийн зохицуулалтын хүрээнд тэтгэвэрт гарах нас, мөн төлөх шимтгэл нэмэгдэх эсэх тодруулгад “Одоогийн хуулиар тэтгэвэрт гарах нас жилд 3 сараар нэмэгдэж байгаа бөгөөд 2037 онд 65 нас хүрэх юм. Гэсэн хэдий ч нөхцөл нь бүрдсэн, шимтгэл төлсөн, ажилласан жил нь шалгуур хангаж байгаа тохиолдолд энэ хамаарахгүй эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 60 настай тэтгэвэрт гарах боломж хэвээрээ байгаа. Шимтгэлийн хувь хэмжээний тухайд 2007 онд 19 байсан хувь хэмжээг 2008 онд эрс бууруулаад 14 болгосноор Тэтгэврийн даатгалын сангийн ачааллыг ихээр нэмэгдсэн” гэж А.Ариунзаяа сайд мэдээлэл өгсөн. 1960 оноос өмнө төрсөн иргэд тэтгэврийн эв санааны зарчим үйлчилж, тэтгэврийн даатгалын хуваарилалтын тогтолцоогоор тэтгэвэр тогтоон олгож байгаа бол 1967-1979 онд төрсөн даатгуулагч цалин хөлс, шимтгэл төлсөн хугацаандаа суурилсан тогтолцоо болон нэрийн дансны сонголт хийх боломжтой бол 1980 оноос хойш төрсөн иргэд нэрийн данс буюу өөрийн төлсөн шимтгэл буюу цалингаас нь тэтгэврийнх нь хэмжээг бодож тогтоодог тогтолцоо мөрдөгдөж байгаа. Нэрийн дансны бүртгэлд 1995 оноос хойш 1 сая 520 мянган иргэн дээр 18.9 их наяд төгрөгийн бичилт хийгдсэн байгаа, яамны зүгээс цаашдаа олон давхаргат тогтолцоонд шилжинэ, үүний зэрэгцээ өндөр орлоготой иргэдийн зүгээс шимтгэл төлөх дээд хязгаар давсан орлогоосоо нэмэлт шимтгэл төлөх замаар ирээдүйд авах тэтгэврийн хэмжээгээ өсгөх боломжийг бүрдүүлэх бодлого баримтлаж байгаа гэв.
Ажил эрхэлж байгаад тэтгэвэрт гармагцаа амьдралынх нь түвшин буурдаг тогтолцоо байж болохгүй гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэлээд, төслийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа ч олон тулгуурт тэтгэврийн тогтолцоонд үе шаттайгаар шилжих нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тиймээс төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэх нийгмийн даатгалын шинэчлэлийн багц төсөлтэй нийцүүлэх, нэгтгэх нь зүйтэй гэлээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлээд “Сайдаар ажиллаж байхдаа энэ эрх зүйн орчныг бүрдүүлэхээр судалж, олон ажлыг хийсэн байсан. Шинэ сайд үргэлжлүүлээд ажиллаж байгаа болов уу. Миний зарчмын байр суурь бол энэ чиглэлд Засгийн газар ажиллах ёстой. Хэлэлцэж буй төслөөр одоо төлж буй шимтгэлийн 4 хувийг албан журмаар Хувийн тэтгэврийн санд татах, гэхдээ үүний үр ашиг хэзээ, хэр хэмжээгээр эргэж иргэнд очих нь тодорхойгүй байна. Дээрх хэлбэрээр албан журмаар татаас авахад жил тутам 350 тэрбум төгрөгийг Тэтгэврийн сангаас Хувийн тэтгэврийн санд шилжүүлэх юм байна. Ингэхээр тэтгэврийн шинэчлэл биш, харин одоогийн байгаа тогтолцоогоо нураах эрсдэлтэй. Үүнээс болгоомжлоод байгаа юм. Төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэх төслүүдтэй харьцуулж, нийцүүлж, нэгтгэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байна” гэлээ. Одоогийн тогтолцоондоо төсөлд тусгасан хэмжээний ачаалал үүсгэвэл иргэдэд тэтгэвэрийг нь өгч чадахгүйд хүрэх эрсдэлтэй гэдгийг тэрбээр сануулж байв. Мөн Засгийн газар тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхдээ олон давхаргат тогтолцоонд шилжих үү, хагас хуримтлалынх байх уу, эсвэл бүрэн хуримтлалын тогтолцоо руу орох юм уу, хувийн тэтгэврийг дэмжсэн тохиолдолд энэ нь нэмэлт тэтгэврийн даатгалын тогтолцоогоор явах юм уу, төсөл дэх шиг албан журмын хуримтлалын сан хэлбэрээр байх уу гэх зэрэг концепцын асар их зөрүүтэй асуудал бий гэдгийг хэллээ. УИХ-ын гишүүд тэтгэврийн шинэчлэлийг дэмжих, дэмжихгүй гэж хуваагдаагүй, тогтолцоог шинэчлэх ёстой гэдэг дээр байр суурь нэг байгаа. Гол нь одоо тэтгэвэр авч буй иргэдийнхээ эрх ашгийг хохироохгүй, өнөөгийн тогтолцоогоо эвдэхгүйгээр хэрхэн, ямар хэлбэрээр, ямар тогтолцоо руу эрсдэлгүй хувилбараар шилжих вэ гэдэг дээр өөр байр суурьтай байгаа гэдгийг тэрбээр онцлон тайлбарлав. Тиймээс төслийг Засгийн газрын боловсруулж буй нийгмийн даатгалын багц хуулийн төслийн хамтаар хэлэлцэх нь оновчтой гэдэг байр суурийг илэрхийлсэн.
4 хувийн шимтгэлийг албан журмаар Хувийн тэтгэврийн санд хуримтлуулах асуудлыг иргэдэд ачаалал болгохгүй гэдэг үүднээс төсөлд дараах хэлбэрээр тусгасан гэдгийг Н.Учрал гишүүн тайлбарлав. Байгууллагаас төлж буй 8.5 хувийн шимтгэлийн 2 хувь, иргэний төлж буй шимтгэлийн 2 хувийг Хувийн тэтгэврийн санд хуримтлуулах сонголтыг хийх эрх зүйн орчныг л бүрдүүлэх, албан журмаар биш сонголт хийх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төсөлд тусгасан гэдгийг тайлбарлалаа. Өнөөдөр иргэд 24 хувийн шимтгэл төлдөг, үүний 17 хувь нь тэтгэврийн даатгал байдаг. Үүн дээр нь дахин нэмж шимтгэл төл гэвэл иргэдэд ийм боломж байхгүй гэж үзсний үндсэн дээр иргэдэд ачаалал үүсгэхгүй байхаар буюу байгаа одоо байгаа хувь хэмжээнд нь шийдвэрлэх гарцыг төсөлд тусгасан гэв.
УИХ-ын гишүүн П.Анужин тэтгэврийн шинэчлэлийг бүрэн дэмжиж байгаа гэдгээ илэрхийлээд, өнөөдөр тэтгэвэр авч буй 450 орчим мянган хүний эрх ашигтай холбоотой тогтолцоонд өөрчлөлт хийх учраас тун нухцатай ажиллах ёстой гэдэг байр суурьтай байгаагаа хэллээ. Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэлд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын зарим нэг зорилттой Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл нийцэхгүй байгаа гэдэг дүгнэлт гаргасан, нийцэхгүй хэмээн дүгнэгдсэн асуудлуудаа нийцүүлсэн эсэхийг төсөл санаачлагчаас тодруулж, хариулт авав.
Төсөл дэх 4 хувийн шимтгэлийг ямар шалгуураар, ямар компаниудад олгох талаар Б.Энхбаяр гишүүн тодрууллаа. Нэлээд олон компани янз бүрийн статустайгаар иргэдээс хувийн тэтгэврийн даатгал нэрээр тодорхой хэмжээний шимтгэл аваад багагүй хугацаа өнгөрчихсөн ч эрх зүйн орчин нь байхгүй, үйлчилгээ авсан иргэдийн эрх ашиг хамгаалахгүй яваад байх, эдгээрээс цаашид үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлага бий гэдгийг төсөл санаачлагч хэллээ. Нийгмийн даатгалын шинэчлэлийг багцаар нь ярихын оронд ийнхүү нэг, хоёр асуудлыг сугалж хэлэлцэх нь оновчгүй гэдэг байр суурийг Ж.Батсуурь гишүүн илэрхийлсэн бөгөөд гол хэрэгжүүлэгч болох Засгийн газар, түүний холбогдох нэгж нь үүн дээр тодорхой бодлого, үзэл баримтлал ямар байгааг, Тэтгэврийн сангийн нөхцөл байдал, хэтийн талаар асууж, хариулт мэдээллийг А.Ариунзаяа сайдаас авсан.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Гишүүд тэтгэврийн шинэчлэлийг ойрын хугацаанд хийхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч эрсдлийг тооцож, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслүүдтэй нийцүүлэх, төрөөс баримтлах бодлоготой эрх зүйн зохицуулалтыг нийцүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Ж.Батсуурь гишүүн Улсын Их Хурал Засгийн газарт шахалт үзүүлж, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг нэн даруй эхлүүлэх шаардлагатай гэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 53 нь буюу 93 хувь нь Нийгмийн бодлогын байнгын хороо төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих боломжгүй гэж шийдвэрлэснийг дэмжээгүй юм. Гишүүдийн олонх Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.