Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодод амьдардаг, ажил хөдөлмөр эрхлэх, ур чадвараа ахиулах, бизнес санаагаа ажил хэрэг болгох зорилго, хүсэл эрмэлзэлтэй 18-35 насны залуусыг хамруулсан "Идэвхэжсэн 2030: Энтерпрайзинг эрэл-зорилгоо тодорхойлж хэрэгжүүл" сэдэвт сургалт, лекц, воркшоп, ажлын байрны мэдээллийн өдөрлөгийг анх удаа жишиг болгон зохион байгуулах гэж байна. Сургалт, өдөрлөг маргааш болно.
Энэхүү нэгдмэл үйл ажиллагааг Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ), нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ), Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар (НШУҮИГ), Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газар хамтран зохион байгуулах юм.
Сургалтын зорилго нь залуучуудын ажил хэрэгч байх, хөдөлмөр эрхлэх боломж, карьераа дээшлүүлэх, бизнесийн санааг бодитой болгоход өөрт хэрэгтэй байгаа мэдлэг, ур чадварыг олж авахад дэмжлэг үзүүлэх, урам зориг, оролцоог идэвхжүүлэхэд оршиж байгаа юм.
Түүнчлэн Инновацын дэд төвүүдийн үйл ажиллагааг хэрхэн бэхжүүлэх, хамтын ажиллагаа, дэмжлэгийг өргөжүүлэх, сайн дурын ажилтнууд, чиглүүлэгч нарыг чадавхжуулах оролцооны хөтөлбөрийг зохион байгуулна.