logo
Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн газар шорооны ажил дуусжээ

Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн газар шорооны ажил дуусжээ

2020/10/30
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрт баригдаж буй дөрөвдүгээр шугамын өргөтгөлийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар, төв корпусын газар шорооны ажил, хагас өөрөө нунтаглалтын болон бөмбөлөгт тээрмийн суурь цутгалтын ажлууд 100 хувь хийгдэж, дуусжээ. Харин том бутлалтын агуулахын хэсгийн суурийн ажил эхэлсэн байна. Өргөтгөлийн барилгын ажилд нийт 2500 тонн металл хийц шаардагдах юм. Үүний эхний ээлжийн 100 гаруй тонн металл хийц өнгөрсөн долоо хоногт нийлүүлэгджээ. Металл хийцээр барих баганын суурь цутгалт хийгдсэн бөгөөд хүйтнээс амжиж битүүлэх зорилготой ажиллаж байна. Барилга байгууламжийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 30-60 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээрийн түрүүч нь 11 сарын сүүлчээр ирнэ. Өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчээр Эрдэнэт Лайт компани ажиллаж байгаа бөгөөд барилгын талбайд өдөр бүр 150-180 хүн энэ ажлыг гүйцэтгэж байна.

     Хүйтний улирлаас өмнө цутгалтын ажлаа технологийн дагуу хийж дуусгахаар шахуу төлөвлөж, өдөр бүр мэргэжлийн хүмүүс ажлын явцаа хэлэлцэж байгаа бол долоо хоног тутамд төв штаб хуралдаж мэдээлэл солилцож, хүндрэл бэрхшээл, шуурхайлах, анхаарах ажлуудаа эрэмбэлэн ажиллаж байгааг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ярилаа. Хүдэр боловсруулалтын хэмжээг жилд 6 сая тонны  хүчин чадлаар нэмэгдүүлэх  Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажлыг ирэх оны 10 сард бүрэн дуусгаж, ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй юм.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш