Улсын онцгой комиссын 31 дүгээр хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болж, Шадар сайдын 18 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн орон нутагт ажилласан тайлан, “КОВИД-19” цартахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүнсний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах хэмжээний талаар хэлэлцлээ. Мөн коронавирусийн халдвар дотооддоо тархаагүй тул УОК-оос ямар нэг хориглолт, хязгаарлалт хийсэн шийдвэр гаргаагүй байна.
Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Увс аймгийн Боршоо боомтыг түр хааснаас хойш УОК-ын Нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг дээрх боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан. Дээрх хоёр боомтыг гарагийн зохицуулалттай нээх асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Мөн үйлчилгээний албан байгууллага, нийтийн тээврийн хэрэгсэл, соёл, урлагийн тоглолт, спортын тэмцээн зэрэг олныг хамруулсан үйл ажиллагаанд очсон иргэдийг ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиулах, амны хаалт зүүлгэх зэрэгт хяналт тавьж ажиллахыг нийслэл, аймгуудын удирдлагуудад анхаарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.