Охайо мужийн хамгийн хүчирхэг улс төрчдийн нэгтэй холбоотой 60 сая долларын хээл хахуулийн сүлжээ гэмт хэрэгт оролцсон хэргээр шалгагдаж байгаа эрчим хүчний компани нь дотоод хяналт, шалгалтын дараагаар гүйцэтгэх захирлаа ажлаас нь чөлөөлжээ.
“First Energy” компанийн хийсэн дотоод шалгалтаар гүйцэтгэх захирал Чак Жонс болон бусад 2 албан тушаалтан байгууллагын бодлого, ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон тул пүрэв гарагт ажлаас нь халж байгаагаа мэдэгдлээ.
Компанийн зүгээс хийсэн шалгалт нь Засгийн газраас явуулж буй мөрдөн байцаалттай холбоотойгоор хийгдсэн гэж мэдээлсэн ч дотоод шалгалтын явцад илрүүлсэн зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Өмнө нь “First Energy” компанийн эзэмшиж байсан олон жил ашигласан цөмийн 2 цахилгаан станцыг авч үлдэхэд чиглэсэн хуйвалдаанд оролцсон 2 албан тушаалтан гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс хэдхэн цагийн дараагаар тус компани гүйцэтгэх захирлаа халж байгаагаа мэдэгджээ.
Өнөөг хүртэл “First Energy” компани болон тэдний удирдлагууд хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэдэнд одоог хүртэл эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй байсаар байна. Мөрдөн байцаагчид тус компани болон түүний хамтрагчид ашиггүй ажиллаж байсан цөмийн 2 станцад нэг тэрбум долларын тусламж үзүүлэх нэрийдлээр нууцаар сая, сая долларыг завшсан бөгөөд “First Energy Solutions” нэртэй бие даасан охин компани ажиллуулж байсан талаар мэдэгджээ.
“First Energy” компани нь Баасан гарагт АНУ-ын үнэт цаас, биржийн комисст гаргасан өргөдөлдөө Жонс болон бусад хоёр албан тушаалтнуудад янз бүрийн урамшууллын нөхөн олговрыг олгохгүй байх, олгох эрхийг нь хязгаарлах талаар тусгажээ. Мөн ТУЗ-ийн хараат бус гишүүдээс бүрдсэн хээл хахуулийн хэргийг шалгаж буй хорооноос "Бусад буцалтгүй тусламж, шагнал, нөхөн олговрыг эргүүлэн авах, бууруулах эсвэл хураахыг баталгаажуулах боломжтой эсэхийг хэлэлцэж байна" гэж мэдэгдэлд дурджээ.
Мөн “First Energy” компанийн дотоод шалгалт үргэлжилсээр байгаа юм байна. “Охайо мужийн цөмийн үйлдвэрүүдийг дэмжих нь манай бизнесийг зөв зохистой явуулах ёс зүйн үүргээ биелүүлэхэд саад болж, хөндлөнгөөс нөлөөлөөгүй гэдгийг би тодорхой хэлье” гэж Жонс долдугаар сард хөрөнгө оруулагчдад хэлсэн.
Баасан гарагт Жонсоос тайлбар авах боломжгүй байгаа бөгөөд түүнд өмгөөлөгч байгаа эсэх нь тодорхойгүй байна. Мөн “First Energy” компани нь Пүрэв гарагт компанийн ерөнхийлөгч Стивен Страхыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсноо мэдэгдэв.
Эх сурвалж www.republicworld.com