logo
МСНЭ-ээс хэвлэл мэдээллийнхэнд хандан зөвлөмж гаргалаа

МСНЭ-ээс хэвлэл мэдээллийнхэнд хандан зөвлөмж гаргалаа

2020/11/11

ЗӨВЛӨМЖ

Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын үед сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцууд COVID19 вирусийн халдвараас сэргийлж, мэргэжлийн онцлогоос хамаарах эрсдэлийг тооцоолон, өөрсдийн үйл ажиллагаандаа дараах зөвлөмжийг мөрдөн ажиллахыг уриалж байна.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад өгөх зөвлөмж

1. Халдвар, өвчний голомт үүсэж болзошгүй эрсдэлтэй цэг, байршлаас сурвалжилга бэлтгэх бол редакц болон удирдлагаас заавар, чиглэл, зөвшөөрөл авч ажиллах.

2. Халдварын эрсдэлтэй аливаа бүс, барилга, байгууламж руу нэвтрэх бол холбогдох журам, зааварчилгааг шаардан авах, түүнийг ягштал дагаж мөрдөх, хамгаалалтын болон хариуцлагатай ажилтан, албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах.

3. Ханиах, халуурах, хоолой өвдөх, бие тавгүйрхэх гэх мэт шинж тэмдэг илрэх тохиолдолд редакц болон гэртээ очихгүй, яаралтай эмнэлэгт хандах, холбогдох шинжилгээ хийлгэх.

4. Эх сурвалж, зочинтой уулзахдаа амны хаалт зүүх, гар барихаас татгалзах, уулзалтын өмнө ба дараа гараа ариутгах.

5. Амны хаалт зүүх, гар ариутгагч хэрэглэх. Дэвтэр, үзэг, утас, микрофон, камер болон бусад хэрэгслийг тогтмол ариутгаж, цэвэрлэх.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага, редакцуудад өгөх зөвлөмж

1. Нийтлэл болон нэвтрүүлгээрээ нийгэмд айдас түгшүүр төрүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй болон нотлогдоогүй, худал мэдээлэл түгээхээс сэргийлэх. Баримтыг дахин нягтлах.

2. COVID 19 вирус болон Засгийн газраас тогтоосон дэглэм, журам, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаг үеийн мэдээллийг бэлтгэхдээ Улсын онцгой комисс, Засгийн газар, Эрүүл мэндийн яам, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд гэх мэт албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах.

3. Халдварын эрсдэлтэй байршил, үйл явдалд сэтгүүлч, сурвалжлах баг явуулах нөхцөлд эрсдэл болон ач холбогдлыг зөв үнэлэх. Нийгэмд, нийтийн эрх ашигт тустай эсэх, эрсдэлийн түвшинг нягталж, сэтгүүлчдэдээ татгалзсан, эсвэл зөвшөөрсөн талаар тодорхой мэдэгдэх.

4. Үйл явдал, сурвалжилгыг зайлшгүй шаардлагатай эсэхээр нь ангилан, аль болох хүрээг хязгаарлах.

5. Студи, редакц, ажлын байранд гаднын зочныг нэвтрүүлэхээс зайлсхийх. Шаардлагатай нөхцөлд халуун хэмжигчээр биеийн дулааныг шалгаж, гарыг ариутгуулж, амны хаалт зүүлгэн нэвтрүүлэх.

6. Редакц болон ажлын байр руу орж байгаа хүн бүрийн халууныг хэмжиж, эрсдэлтэй шинж тэмдэг илэрвэл нэвтрүүлэхээс татгалзах. Эрүүл мэндийн байгууллагад хандах.

7. Халдвараас хамгаалах ариун цэврийн хэрэглэл, гар ариутгагч, халуун хэмжигч зэргийг редакцад бэлэн байлгах.

8. Нийт сэтгүүлч, ажилтнуудаа халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах, гар ариутгагч тогтмол хэрэглүүлж, амны хаалт зүүлгэх.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш