Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон бусад албаны хүмүүс 21 аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв.
Хурлаар үндсэн хоёр чиглэлээр мэдээлэл солилцов. “Ковид-19” халдварыг дотооддоо алдсанаас хойш аймгийн удирдлагуудтай хоёр дахь удаагаа цахим хурал хийж, тодорхой үүрэг чиглэл өгч, аймгийн онцгой комисстой байнгын холбоотой ажиллаж байна.
Аймгийн удирдлагуудаас “Ковид-19” халдвартай холбоотой саналуудыг сонслоо. Тухайлбал: Баян-Өлгий, Өмнөговь, Орхон, Дорнод, Хөвсгөл, Хэнтий аймгуудад түргэвчилсэн оношлуур, PCR урвалж нэмж авах хүсэлтээ илэрхийлсэн. Мөн орон нутаг болон Улаанбаатар хооронд зорчих хөдөлгөөнд хэрхэн хяналт тавьж ажиллах болон бусад асуудлаар саналаа хэллээ.
Шадар сайд 21 аймгийн засаг дарга нарт хэд хэдэн чиглэл өглөө.
- Боловсруулах үйлдвэрийн салбар нээсэнтэй холбоотойгоор “Түр журам” гаргах хэрэгжүүлэх
- Халдвар гарсан ч хяналтандаа авсан аймгууд хөдөлгөөнөө хязгаарлалттай нээх
- Халдвар гарсан аймгаас гарч байгаа иргэдийг заавал PCR шинжилгээнд хамруулах
- Халдвар тархаагүй 14 аймаг халдвартай бүсээс ирсэн иргэдээс заавал PCR шинжилгээний хариу нэхэх
- Халдваргүй бүсээс ирсэн иргэдийг асуумж хаяг, байршлалын нарийвчилсан мэдээллийг авч нэвтрүүлэх
- Аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг үе шаттайгаар нээх
- Халдвар гараагүй аймгууд худалдаа, үйлчилгээг үе шаттайгаар хэвийн горимд оруулах
- Голомттой аймгуудад Засгийн газрын нөөцөөс дэмжлэг үзүүлэх
- Бусад аймгууд төсөв дотроо зохицуулалт хийх замаар гарч буй зардлыг шийдвэрлэх зэрэг үүрэг, чиглэлийг өглөө.
Аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилт, отор нүүдлийн талаар санал бодол, хүсэлтүүдээ ЗГХЭГ, ХХААХҮЯ, Улсын онцгой комисс-д илэрхийллээ. Өвөлжилт хүндэрч болзошгүй, эрсдэлтэй 10 аймагт Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх зорилгоор 2 тэрбум 160 сая төгрөгийг шийдвэрлээд байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.