logo
М.Оюунчимэг: Хөл хорионы үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг онцгой анхаарах ёстой

М.Оюунчимэг: Хөл хорионы үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг онцгой анхаарах ёстой

2020/12/04

Жил бүрийн 12-р сарын 3-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог билээ. Энэ сарын 03-ны өдөр НҮБ-ын Хүн амын сангаас Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр КОВИД-19 цар тахлын үед эмзэг хэсэгт дэмжлэг үзүүлэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг судалж, тэдэнд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн 400 ширхэг 44.4 сая төгрөгийн өртөг бүхий багцыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүлээлгэн өглөө.

Энэ арга хэмжээнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Каори Ишикава, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг цар тахлын хөл хорионы үед Нийгмийн бодлогын байнгын хороо  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг орхигдуулахгүй байж, халамж, ажил, орлого бүх талаас дэмжиж ажиллаж байна. Төр засаг болон Олон улсын байгууллагуудаас өгч буй хандив, тусламж, дэмжлэг зорилтод иргэддээ хүрч байгаа эсэхэд анхаарч байна гэдгээ онцоллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалж Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ.

Манай улсын хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх статистик байдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам уг багцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2 асрамжийн газарт 50, Төрийн бус байгууллагуудад 60, амьжиргааны түвшин доогуур байнгын асаргаатай, хэвтрийн 290 иргэнд тараах юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш