logo
Орос-Монголын залуучуудын цахим уулзалт боллоо

Орос-Монголын залуучуудын цахим уулзалт боллоо

2020/12/04
Орос, Монголын дипломат харилцааны 100 жилийн ойн баяртай холбогдуулан 2020 оны 12-р сарын 3-ны өдөр ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Хүүхэд залуучуудын холбооны үндэсний зөвлөл, MIREA - Оросын технологийн их сургууль хамтран Орос-Монголын залуучуудын цахим уулзалтыг зохион байгууллаа.
 
Тус уулзалтад залуучуудын бодлогын асуудлыг хариуцсан төрийн байгууллагууд, Элчин сайдын яамдын төлөөлөл, хоёр орны залуучуудын олон нийтийн холбоодын удирдагч, төслийн менежерүүд, залуучуудын парламентын гишүүд, орос-монголын залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй оюутнууд буюу нийт 50 гаруй төлөөлөгчид оролцлоо.
 
Уулзалтын эхэнд ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Орос-Монголын харилцааны байдал, хэтийн төлөв, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа болон хоёр талын харилцааг хөгжүүлэхэд залуучуудын гүйцэтгэх үүрэг сэдвийн хүрээнд үг хэлж, залуучуудын чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого болон арга хэмжээний талаар товч танилцуулав.
Мөн тэрбээр илтгэлийн үеэр аль ч улсын хөгжлийн хөдөлгөгч хүч, түүчээлэгч нь залуучууд байдгийг цохон тэмдэглэж төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, залуучуудын чиглэлээр хөрш улс орнууд, бүсийн болон олон улсын түвшинд харилцан суралцах, туршлагаа солилцоход хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв.
 
Уулзалтын хэлэлцүүлгийн үеэр ОХУ-ын Алтай, Буриад, Тува зэрэг хил орчмын бүс нутгийн залуучуудын төлөөлөгчид Монголын Залуучуудын Холбооны холбогдох аймгийн төлөөлөлтэй харилцаа тогтоон цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
 
Мөн амжилттай хэрэгжүүлж буй нийгмийн төслүүдийн талаарх мэдлэг, туршлагаа харилцан солилцох, байгаль орчин, экологийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, залуучуудын форум хамтран зохион байгуулах гэх мэт асуудлаар талууд санал бодлоо солилцож, цаашдаа байнгын харилцаатай ажиллахаар боллоо.
 
Эх сурвалж: ХНХЯ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш