logo
Монгол орны хөгжилд XVI чуулга уулзалт зохион байгуулагдав

Монгол орны хөгжилд XVI чуулга уулзалт зохион байгуулагдав

2020/12/08

Британи дахь Монголчуудын холбоо, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ болон МУИС-тай хамтран хилийн чанад дахь Монголчуудын эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилготой “Монгол орны хөгжилд” XVI чуулга уулзалтыг 2020 оны 12 дугаар сарын 5–6-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулав.

Чуулга уулзалтад Монгол, Австрали, Англи, АНУ, Герман, Швед, Өмнөд Солонгос, Бельги, Ирланд, Итали, Польш, Унгар, Япон зэрэг орнуудад оршин суугаа 300 орчим иргэд идэвхтэй оролцож, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба тогтвортой хөгжил”, “Уул уурхай ба тогтвортой хөгжил”, “Дээд боловсрол ба тогтвортой хөгжил” гэсэн 3 сэдвээр санал бодлоо хуваалцаж, нээлттэй хэлэлцэв.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд чиглэсэн төр, засгаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэв. Түүнчлэн, “Дэлхийн Монголчууд II” хөтөлбөрийг гаргахаар ажиллаж байгааг танилцуулав.

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ Лондон хотноо 2020 оны 5 дугаар сард чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байсан ч “COVID-19” цар тахлын улмаас хойшлогдсоор ийнхүү цахим хэлбэрээр хийж байгааг дурдан 17 зорилго бүхий 2030 он хүртэлх Дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг танилцуулж, манай улсын “Алсын хараа–2050” урт хугацааны бодлого болоод Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д чиглэсэн тогтвортой хөгжлийн зарим асуудлуудыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэж байгааг олзуурхан хүлээн авч, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны тус чуулганы нээлтэд зориулан хэлсэн видео мэндчилгээг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш