Энэ оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой ЭНД харьцуулахад 17,1 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх хугацаанд бүртгэгдсэн 5074 зөрчлийн хэргийн 47,2 хувь нь Нийслэлд, 52,8 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. Нийслэлд үйлдэгдсэн зөрчлийн хэрэг өмнөх долоо хоногоос 28,8 хувиар, орон нутагт 8,4 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл цагдаагийн байгууллага 95,74 хувийг, мэргэжлийн хяналт 0,65 хувийг, онцгой байдал 0,14 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 3,47 хувийг нь шалган шийдвэрлэжээ.
Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 81,5 хувиар, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 61,5 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа бол танхайрах зөрчил 45,9 хувиар, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 31,8 хувиар тус тус буурсан байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил, тэр дундаа гар дээрээс согтууруулах ундаа худалдсан зөрчил Нийслэлд хамгийн их буюу 106 удаа гарсан ба өмнөх 7 хоногийн адил Баянзүрх, Хан-Уул дүүрэгт дийлэнх хувь нь бүртгэгдэж, гаралт нь мөн нэмэгджээ.
Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил Нийслэлд 27,8 хувиар нэмэгдэж, орон нутагт 31,6 хувиар буурсан дүнтэй байгаагаас Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргүүдэд хамгийн их гарсан хэвээр байгаа бол Сүхбаатар дүүрэгт 1,1 дахин нэмэгдэж 17 удаа үйлдэгдсэн байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 36,4 хувь нь Нийслэлд, 63,6 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол Хэнтий аймагт хамгийн их буюу 294, Хөвсгөлд 284, Дархан-Уулд 181, Увсад 144, Дорноговьд 141, Баян-Өлгийд 122, Ховдод 119 удаа тус тус үйлдэгдсэн байна.
2020 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 11-ний хооронд үйлдэгдсэн зөрчлийн хэргийн тоог өмнөх долоо хоногийн байдалтай харьцуулсан мэдээг дараах зургаас танилцана уу.
Эх сурвалж: УЕПГ