Ардчилсан намын X их хурал өнөөдөр /2020.12.18/ эхэллээ. Энэ удаагийн Их хурал ковид-19 өвчлөлийн үед буюу дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлд болж байна. Тиймээс Ардчилсан намын нийт гишүүдээс сонгогдсон их хурлын 1206 төлөөлөгч цахим хэлбэрээр нэгэн зэрэг холбогдож хуралдаж байгаа юм. Мөн Монгол Улсын түүхэнд намын их хурал анх удаа цахим хэлбэрээр болж байгаагаараа онцлогтой.
Тус их хурал цахимаар хуралдахын тулд Ардчилсан намын ҮБХ, аймаг,нийслэл, сум дүүргийн намын хороо, анхан шатны үүрүүдтэй цахим хурлыг бүтэн сарын турш хийсэн бөгөөд нийт гишүүдийн 80 гаруй хувь нь намын их хурлаа цахимаар хийхийг дэмжжээ. Мөн “Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл”-ийг боловсруулсан ажлын хэсэг 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн сарын хугацаанд ажилласан. Өчигдөр болсон ҮБХ-ны хурлаар ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг дэмжсэнээр ийнхүү намын их хурлаар хэлэлцэхээр болоод байна.
Энэ удаагийн Ардчилсан намын их хурал нь тус намын гишүүд, дэмжигчид төдийгүй иргэд, олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм. Учир нь Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлийг дэмжсэн дүрэм батлагдаж байж, Монголын ардчилал эрүүл, бат бэх оршино гэж монголын ард түмэн, гишүүд, дэмжигчид үздэг. Харин энэ удаагийн хурлаар Ардчилсан намын даргын сонгууль болохгүй бөгөөд шинэчилсэн дүрмээ дээд шүүхээр батлуулсны дараа намын даргыг сонгох их хурлаа дахин хийхээр тогтжээ. Энэ удаагийн намын их хурал энэ сарын 19-ний өдрийг дуустал хоёр өдрийн турш үргэлжилнэ гэж Ардчилсан намаас мэдээллээ.