Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй эвлэл, холбоод нэгдэж, Хэвлэлийн эрх чөлөөний төлөө Үндэсний түр зөвлөлийг байгууллаа. Тус зөвлөл нь Хэвлэлийн эрх чөлөөг хангах, хамгаалах, баталгаажуулах үндсэн чиглэлээр ажиллах бөгөөд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлах хүртэл үндэсний хэмжээний зөвшилцлийн үйл ажиллагаа явуулах юм байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.14 дэх хэсэгт хэвлэл мэдээллийн салбарынхан төдийгүй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумисан, ялын бодлогыг чангаруулах замаар хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боох агуулгатай өөрчлөлтийг ХЗДХ-ийн яамнаас санаачлаад байгаа. Үүнтэй зэрэгцэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрийн оролцоотойгоор хэвлэлийн эрх чөлөөг хяналтдаа авах зохицуулалт оруулах гэж байгаа нь сэтгүүлзүйн салбарын эсэргүүцэлтэй тулгараад байна.
Өөрөөр хэлбэл эрх баригчид, хууль санаачлагчид Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг далайлган, айлгах, хэвлэлийн эрх чөлөөг төрийн хяналттай болгох гэсэн санаархлыг эрс эсэргүүцэж, хэвлэл мэдээллийн салбарынхан анх удаа өөрсдийн эрх ашгийг хөндсөн асуудалд өргөн бүрэлдэхүүнтэй нэгдэж байгаа юм байна.
Үндэсний зөвлөлд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хэвлэлийн хүрээлэн, Монголын телевизүүдийн холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын сайтын холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоо, Хангарди Улаанбаатарын сэтгүүлчдийн холбоо, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб, Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Эв нэгдэл төв зэрэг 21 эвлэл, холбоо одоогийн байдлаар нэгдэн дэмжээд байна.
Үндэсний зөвлөл нь Хууль, бодлогын судалгаа, Нөлөөлөл, Зохион байгуулалт гэсэн үндсэн гурван ажлын хэсэгтэй үйл ажиллагаа явуулах аж. Хууль, бодлогын судалгааны ажлын хэсэг нь гадаад улс орнуудын ижил төстэй хуулиудыг орчуулж, судлах, мэргэжлийн өргөн бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж хуулийн төсөл боловсруулан эрх баригчдад санал болгох үндсэн чиг үүрэгтэй ажиллах юм. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөн, шинэчлэх шаардлага үүсээд удаж байгаа. Гэвч үеийн үед Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг эрх баригчид санаачлан боловсруулж, өргөн барьж байсан бөгөөд ингэхдээ ямар нэгэн хэлбэрээр төрийн хяналтад оруулах гэсэн зохицуулалт тусгагдаж ирсэн. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарынхны эсэргүүцэлтэй тулгаран батлагдах боломжгүй болсоор өдийг хүрсэн. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөө хуулийн төслөө боловсруулан санал болгох нь зүйтэй гэж үзсэн байна.
Нөлөөлийн ажлын хэсэг нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, хэвлэл мэдээллийн салбарын хууль, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, хуулийн гажуудал, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, мэргэжлийн ёс зүй зэрэг салбарын асуудлаар олон нийтэд мэдээлэл түгээх, Үндэсний зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажлыг шуурхай хүргэх үйл ажиллагаа явуулах аж.
Зохион байгуулалтын ажлын хэсэг нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбар, редакциудад зөвлөлийн үйл ажиллагааны мэдээллийг түгээх, хурал, уулзалт, сургалт зохион байгуулах чиглэлээр ажиллах юм байна.
Үндэсний зөвлөлд орох хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, сэтгүүлчдэд бүртгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд зөвлөлд сайн дураар нэгдэх нь нээлттэй байх юм байна. Зөвлөлд орох сэтгүүлч, редакциуд Зохион байгуулалтын ажлын хэсэгтэй 99097968, 94111424 дугаараар холбогдон бүртгүүлэхийг Үндэсний зөвлөлөөс уриаллаа.