logo
“Соёлын элч” нарт бодлого, үйл ажиллагааны чиглэлээ танилцууллаа

“Соёлын элч” нарт бодлого, үйл ажиллагааны чиглэлээ танилцууллаа

2020/12/21

Соёлын яам байгуулагдаад удаагүй ч дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, нийгэмд чиглэн ажиллаж байна. Соён гэгээрэл, урлаг, уран бүтээл, соёлын өвийн асуудлаар үндсэн бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа тус яаманд энэ сарын 18-ны өдөр Монгол Улсын Соёлын элч нар зочиллоо.

Соёлын сайд С.Чулуун тэдэнд бодлого, үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, эх орныхоо нэрийг өргөж яваа элч нартайгаа хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Өдгөө дэлхийн 18 улсад 57 соёлын элч үйл ажиллагаа явуулж буй. Тэднийг төлөөлөн эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, гавьяат жүжигчин, продюсер Б.Дашдондог, төгөлдөр хуурч С.Саянцэцэг, туульч Э.Баатаржав, “Саунд оф Монголиа” ХХК-ий захирал Х.Дамдинсүрэн нар уулзалтад оролцсон юм.

Тэд бодлого, үйл ажиллагааны товч танилцуулгыг сонсоод, юун түрүүнд Соёлын яамтай болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Цаашлаад олон талаар хамтран ажиллаж, санал бодлоо солилцох хүсэлтэйгээ мөн уламжиллаа.
Зөв монгол хүнийг бий болгохын төлөө хамтран ажиллах урт зам хүлээж буйг ч сайд С.Чулуун хэлсэн юм. Харин эрдэмтэн, судлаач Ч.Эрдэнэ  урлаг уран сайхны соёлоос гадна, оюун санааны соёл маш чухлыг онцлоод эн тэнцүү анхаарч ажиллахыг санууллаа.

Соёлын яамны хувьд ч энэ чиглэлд анхаарч ажиллахын тулд Соёл, гэгээрлийн газрыг байгуулж, олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш