УИХ-ын гишүүн Ц.Туваан, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барилаа. Хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан бөгөөд тухайн үед коронавирусний халдварыг дотооддоо алдаагүй байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Хууль хэрэгжих явцад ч засч залруулж, сайжруулах зүйл олон гарсан.
Тиймээс УИХ дахь Ардчилсан намаас зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлан нэмж тусгах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг санаачилж дараах заалтуудыг тусгав.
Үүнд, вирусний халдвар авсан иргэний болон гэр бүлийнх нь мэдээллийн нууцлалыг хамгаалах, гаргасан шийдвэртэй нь холбоотой үүссэн сөрөг үр дагаврыг тухайн албан тушаалтан, эрх бүхий байгууллага өөрөө хариуцан арилгана. Гадаадад байгаа Монгол Улсын иргэн эх орондоо буцаж ирэх, улсын хилээр нэвтрэх эрхээ баталгаатай эдлэх, Ковид-19-тэй холбоотой үндэсний цахим мэдээллийн сан бүрдүүлж ашиглах, цар тахлын үеэр үзүүлсэн тусламж, хандивыг тусгай санд төвлөрүүлэн зарцуулалтыг олон нийтэд ил тод тайлагнах зэрэг заалтуудыг тусгалаа.
Төсөл батлагдснаар, цар тахлын үед иргэдийг ялгаварлан гадуурхаж, гутаан доромжлуулахаас хамгаалах боломж бүрдэнэ. Мөн оюутан сурагчдын дотуур байрны төлбөрийн асуудлыг шийдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шаардлагатай эмнэлэгийн тусламж үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхийг баталгаажуулна. Үүнээс гадна зээлийн эргэн төлөлттэй холбоотой санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд бодлогоор дэмжих, цар тахалтай тэмцэх санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох ач холбогдолтой гэж УИХ-ын гишүүн Ц.Туваан хэллээ гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээллээ.