Улсын онцгой комиссын хурал 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр боллоо. Хурлаар "Ковид-19"-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах зэргийг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан:
- Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах
- Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох
- Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх
- ОХУ-ын Хиагт боомтод ирсэн олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 02-04-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын онцгой комиссын саналыг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс шинэ он гартал нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг Улсын онцгой комисс мэдэгдлээ.