УИХ дахь Ардчилсан намын бүлэг шинэ оны анхны /2021.01.04/ хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос төслийн талаар мэдээлэл сонсов. Гишүүд хүүхдийн хөдөлмөр, ажлын байран дахь бэлгийн дарамт, туслах малчин, гэрийн үйлчлэгчийн тухай, цахим ажлын байрны талаар хуульд хэрхэн тусгах талаар санал солилцлоо.
Мөн коронавирусний дараах өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохирсон хөдөлмөрийн хуультай болох ёстой. Хөдөлмөрийн харилцааг ажилтан, ажил олгогчоор хязгаарлахгүй цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэв. Харин Үндсэн хуулийн Цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авахгүй гэдэгт санал нэгдлээ.
Түүнчлэн цар тахлын үед хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор баталсан Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд С.Мэндсайханаас мэдээлэл сонслоо. Мөн улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, махны нөөц бүрдүүлэлт, махны экспортын талаархи асуултад хариулт авав.
Д.Ганбат: Өвөлжилт хүнд байгаа аймгийн 40 мянган малчин өрхөд өвс тэжээл хүргэх ажил ямар шатандаа явна. Ноолуурын үйлдвэрлэл ядаж утас ээрэх гэх мэтийн бага оврын үйлдвэрүүдийг орон нутагт байгуулбал олон хүн ажилтай, орлоготой болох боломжтой байна. Энэ тал дээр яам ямар бодлого барих вэ.
С.Мэндсайхан: Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор аймгийн 20 сумын 12 мянга, нийт улсын хэмжээнд 40 мянган малчин өрх өвс тэжээлийн хөнгөлөлтөд хамрагдана. Мөн эдгээр аймагт отроор яваа малчдыг хамруулна. Өвс тэжээлийг яам, аймаг аймагт нь хүргэнэ. Аймаг, орон нутаг малчиддаа хүргэхээр зохицуулсан. Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжиж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого барьж барина. Ноолуурын салбарыг бодлогоор анхаарахгүй бол хятадын хорио цээрийн байгууллага нь маханд тавьдаг шиг аттестачлал явуулна гээд байгаа. Өөрөөр хэлбэл, маханд хорио цээр тогтоогоод байгаа шиг шаардлагыг ноос, ноолууранд тавьж байна. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн болгох, утас ээрэх чиглэлд бодлогоор дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, аж ахуйн нэгжүүд нэгдэж нийлэх шаардлага үүсч байна.
Ш.Адьшаа: НӨАТ, гаалийн татвараас зарим бүтээгдэхүүнийг чөлөөлөх хууль баталсан. Энэ хуулийг баталчихвал үнэ өсгөхгүй гэж ярьж байсан. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ өдөр хоногоор өслөө. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ. Хилийн тээврийн үнэ өсч, мафи маягийн сүлжээ үүсчихлээ. Үүнийг хэрхэн зохицуулах юм. Өвс тэжээлийн хомсдол байнга үүсдэг болсон, энэ нь ченжүүдийн гарт орсонтой холбоотой нь нууц биш. Энэ чухал бүтээгдэхүүнийг ченжүүдэд даатгаад яваад байх юм уу. Цаашид дотооддоо малын тэжээл үйлдвэрлэх тал дээр Засгийн газар бодлого боловсруулах хэрэгтэй байна.
С.Мэндсайхан: Дорноговьд коронавирус илэрсэнтэй холбоотой арваннэгдүгээр сараас махны экспортыг зогсоосон. Замын-Үүдэд бид ажиллаад өдөрт зургаан машин гаргаж байя гэдэг тохиролцоонд хүрч ирсэн. Цаашид чингэлэг тээврийг зөвшөөрөөч гэдэг хүсэлтээ хятадын талд тавьсан. Тэд ойрын үед хариу өгнө гэсэн.
Ц.Туваан: 40-өөдхөн хоногийн дараа Цагаан сар болно. Цаг агаар хүйтэрч байна. Мал тарга тэвээргээ алдаж, өвс тэжээлийн асуудал хүндэрнэ. Гааль, НӨАТ-аас чөлөөлсөн шийдвэрийг малчид хүлээгээд үр дүн гарахгүй нь. Өвс тэжээлийн түгээлт, хангамж хэр байна вэ. Өндөр үнээр нь ч болтугай авъя гэхээр олдохгүй байна гэж ярьж байна.
С.Мэндсайхан: Өнгөрсөн хугацаанд 8200 тонн тэжээл орж ирсэн байна. 33 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан, тэд 100 мянган тонныг оруулж ирнэ. Дэлхийн банкнаас таван сая ам. долларын буцалтгүй тусламжийн асуудлыг шийдсэн. Өвөлжилт хүндэрсэн аймгууд руу 1200 т тэжээл өнөөдрөөс гарч байна. Цаашид өвс, тэжээлийн хангамжийн асуудлыг бүгдийг Засгийн газарт даатгалгүй аймаг орон нутаг зохион байгуулах шаардлагатай. Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг зөвхөн өвс тэжээлээр шийдэх бус цаашид малын даатгалаар зохицуулах бодлого барина.
С.Одонтуяа: Хашаандаа ногоо, жимс жимсгэнэ тариалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжийг яаж дэмжих вэ. Та сангуудад дэмжлэг үзүүлэхгүй гэсэн. Үүнийгээ тайлбарлаж өгөөч.
С.Мэндсайхан: Сангийн хувьд бизнес эрхлэгчтэйгээ зэрэгцээд бизнес хийгээд байгаа юм. Тиймээс үүнийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Ер нь газар тариалан халамжийн салбар болоход ойрхон болсон. Жилд 65 тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр олгож байна. Мөн өрхийн хэмжээнд хүнсний ногоо тариалахад хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр олгох гурван тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин хүнсний ногоо тариалагчдыг механикжуулахад зориулсан төсөв, урамшуулал байхгүй. Гэхдээ бид гаднын орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг ярьж байгаа.
Н.Ганибал: Атрын-4 аян хэзээ ажил хэрэг болж төрийн бодлогод тусгагдах вэ. Эдгээрийг уриа лоозон биш бодит ажил болгох шаардлагатай. Яаралтай хийхгүй бол том бодлого орхигдох вий. Татаас олгох, эс олгох чиглэлээ нарийн сайн тодорхойлох хэрэгтэй. Миний хувьд эрчимжсэн мал ахуйд төрийн татаас байх ёстой гэж үздэг.
С.Мэндсайхан: Монгол Улсын хэмжээнд үр, хөрсний асуудал хурцаар тавигдаж байна. Сүүлийн жилүүдэд ургамлын бүтэц сийрэгжсэн нь хөрс, үрний чанараас шалтгаалж байна. Урамшуулал байх ёстой. Энэ тал дээр тантай санал нэг байна. Гэхдээ урамшууллыг сангаар дамжуулах ёсгүй гэж үзэж байгаа.
Б.Бейсен: Тэжээлийн үнэ Өлгийд 46 мянга, сумдад бараг 50 мянга боллоо. Боодол өвс 16 мянга хүрч байна. Өвс хадлангаа Ачит нуур, Хар-Ус нуурын гэх зэрэг сав газруудаас бэлдэх боломжтой. Дотооддоо өвсний нөөц бүрдүүлэх иймэрхүү боломжоо ашиглахгүй дандаа гаднаас аваад байгаа нь харамсалтай байна. Мах экспортлодог компаниуд хятадын мах бэлтгэлийн газар шиг харагдаад байх юм. Зөвшөөрлөө хятадаас авдаг, зөвшөөрөл хүлээж байна гэж ярьж байх юм. Монгол малын мах чанарын шаардлага хангахгүй байгаа юм бол хятадууд яагаад аваад байгаа юм. Хамгийн эрүүл, чанартай мах Монголд л байгаа. Гэтэл монголчууд хятад хүнсийг 25-30 жил хэрэглээд одоо хавдрын өвчлөлд нэрвэгдчихлээ. Хүнсний аюулгүй байдал алдагдсаны нотолгоо хавдрын өвчлөл мөн шүү.
С.Мэндсайхан: Байгалийн хадлан хадах нь орон нутгийн асуудал. Гэхдээ орон нутагтай зохион байгуулалтын асуудлаа хамтрахгүй бол бүх эрсдэлийг Засгийн газарт даатгаад байх нь зохимжгүй гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, тус салбарт томоохон бодлогын өөрчлөлт хэрэгтэй. Ингэхгүй бол одоо байгаа асуудал ойрын жилүүдэд үүссээр байх болно. Б.Пүрэвдорж татаасыг бүтээгдэхүүнд бус үйлдвэрт нь олговол илүү дүнтэй гэх зэргээр санал хэлэв гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээллээ.