logo
Д.Оюун-Эрдэнийг МҮОНРТ-ийн Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилох саналыг дэмжлээ

Д.Оюун-Эрдэнийг МҮОНРТ-ийн Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилох саналыг дэмжлээ

2021/01/06

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны энэ сарын 05-ны өдрийн  цахим хуралдаанаар “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хийв. Тэрбээр, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгг заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн сонгуульт хугацаа дуусч байгаа тул Үндэсний зөвлөлийн гишүүдийг хуульд заасны дагуу чөлөөлж, томилж өгөхийг хүссэн албаг бичгийг тус зөвлөлөөс ирүүлсэний дагуу Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 10-ны чуулганы нэгдсэн хуралдаанаараа Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр, Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд нарыг томилсон.

Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн нэрээ татсан тул Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэг сул орон тоо үлдсэн. Ажлын хэсэг Улсын Их Хурлаас нэр дэвшихээр төрийн бус байгууллагаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулж хамгийн олон санал авсан 1 хүний нэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэнийг дурдав. 

Түүнчлэн Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, өмнөх хуралдаан дээр  20 нэр дэвшигчийг нэг бүрчлэн танилцуулж, ярилцсан учир, хүн нэг бүрийг танилцуулах шаардлагагүйг онцлоод нэр дэвшигчийн саналыг нууцаар явуулах, өмнө нь ажиллаж байсан тооллогын комиссыг үргэлжлүүлэн ажиллуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Ингээд тооллогын комиссыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, УИХ-ын гишүүн Г.Ганболд, А.Адьяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, санал хураалтыг нууцаар явуулж, дүнг танилцуулахад Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэр дэвшигчдээс Д.Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авсан байв. Уг  нууц санал хураалтад Байнгын хорооны 15 гишүүн оролцсон.

Иймд энэ талаарх  УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд  танилцуулахаар тогтлоо. Уг тогтоолд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.8 дахь хэсгийг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнийг томилохоор тусгасан байв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш