logo
Хятадын банкир асан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож цаазаар авах ял сонсов

Хятадын банкир асан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож цаазаар авах ял сонсов

2021/01/12
БНХАУ-ын төрийн мэдлийн хөрөнгийн менежментийн томоохон фирмийн гүйцэтгэх захирал асан Лай Шиаомин нь авлигын гэмт хэрэг болон 260 сая ам.долларын хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогдож 1 дүгээр сарын 5-ны өдөр цаазаар авах ял сонслоо. Коммунист намын гишүүн байсан түүний гэм буруугаа хүлээн мэдүүлж байгааг төрийн мэдлийн ССТВ телевизийн сувгаар дамжуулан үзүүлсэн байна.

Телевизээр мөн түүний Бээжин хот дахь орон сууцнаас олдслн бэлэн мөнгөөр дүүрсэн сэйф, шүүгээний бичлэгийг нийтэд дамжуулсан байна. Лай Шиаомин нь 2018 он буюу түүнийг гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа эхлэх хүртэл “Чайна Хуарон хөрөнгийн менежмент” компанийн даргаар ажиллаж байжээ.

Тяньжинь хотын шүүхээс түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “онц их хэмжээний хөрөнгө хууль бусаар олох” шунахай сэдлээр хэрэг үйлдсэн хэмээн үзжээ. Түүнчлэн энэхүү үйлдэл нь “үндэсний санхүүгийн аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдалд аюул учруулсан” гэж шүүхээс тогтоосон байна. Үүний дараагаар Хятадын Коммунист намаас түүний гишүүнчлэлийг цуцалжээ.

2018 оны 04 дүгээр сард түүнийг ажлаас халсан тухай шийдвэрийг гаргаж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний авлигын эсрэг уриалгын дагуу намын албан тушаалаас огцруулсан байна.

Лай Шиаомин нь ССТВ телевизийн сувгаар дамжуулан гэм буруугаа хүлээх үедээ “энэ мөнгөнөөс миний бие нэг ширхэг ч юань зарцуулаагүй бөгөөд ердөө хадгалж байсан. Би тус хөрөнгийг зарцуулж зүрхэлсэнгүй.” хэмээн хэлжээ. Тус телевизийн сувгаар мөн түүний хээл хахуульд авсан тансаг зэрэглэлийн автомашин болон алтан гулдмай зэргийг нийтэд харуулсан байна.

Төрийн мэдээллийн ССТВ телевизийн сувгаар шүүх хуралдаанд оролцохын өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй яллагдагчтай хийсэн ярилцлагыг нийтэд дамжуулдаг байна. Хүний эрхийн хуульчид энэхүү үйлдлийг яллагдагчдад дарамт шахалт учруулан гэм бурууг нь хүлээлгэх үйл ажиллагаа хэмээн үздэг байна.

Шүүхээс Лай Шиаоминий эд хөрөнгийг хураан авч улс төрийн эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийтгэх тогтоол гарснаар Хятад Улсын санхүүгийн томоохон гэмт хэргийн мөрдөх шалгах ажиллагаа дуусгавар боллоо. Корпорацийн гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд Хятад Улс хатуу байр суурь баримтлан ажиллаж байна. БНХАУ нь 2016 оноос хойш төрийн өндөр албан тушаалтан нэг хүнийг цаазалсан юм. Мөн Коммунист намын гурван удирдах албан тушаалтанд цаазаар авах ял оноосон боловч тэдний ялыг гүйцэтгэх ажиллагааг түр хугацаагаар хойшлуулаад байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш