УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх, Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх, мөн Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, С.Чинзориг, Б.Бейсен нар үг хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй сайтар танилцах хугацаа шаардлагатай байгаа учир хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа мөн уг хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй, С.Чинзориг “Ковид-19”-тэй холбоотой шийдвэрлэж буй асуудал нь бага учир яаралтай хэлэлцэх шаардлагагүй, Б.Бейсен мэргэжлийн зөвлөлөөс санал аваагүй учир хойшлуулъя гэсэн байр суурь илэрхийлж үг хэлэв. Ингээд Ц.Мөнх-Оргил гишүүний гаргасан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлуулахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 61.5 хувийн саналаар дэмжигдэв.
Ингээд Засгийн газраас 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж эхлэв. Ажлын хэсгээс 121 зарчмын зөрүүтэй саналын томъёолол бэлтгэсэн бөгөөд 1-81 дэх саналын томъёоллыг Байнгын хорооны 2018.01.06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар 82-121 дэх саналын томъёоллоор санал хураалт явуулав.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа зүйл бүрээр хэлэлцэхээр заасны дагуу гишүүд хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн зүйл, заалт бүрээр асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт, тайлбарыг өгч байлаа. Түүнчлэн, хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн зарим зүйл, заалтад тайлбар хийлээ. Тухайлбал, цалин хөлс, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа ажил олгогчийн хүлээх хариуцлага, жирэмсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг уян хатан нөхцөлөөр ажиллуулах, хөдөлмөрийн сонирхлын маргаан, түүнийг шийдвэрлэх, хөдөлмөрийн сонирхлын хамтын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах, хөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагаа, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, ажил хаях, ажлын байр түр хаах /локаут/-ыг хориглох, хойшлуулах, түр зогсоох, хөдөлмөрийн эрхийн маргааныг эвлэрлийн журмаар зохицуулах, хөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргах хугацааг сэргээх, хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэх, ажил олгогч өөрт учрах эд хөрөнгийн эрсдэлээс хамгаалах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг зүйлүүдэд тайлбар өглөө.
Ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэж дууссаны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс бэлтгэсэн найруулгын шинжтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж, шийдвэрлэсэн юм.
Хуралдааны төгсгөлд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл -ийн хамт өргөн мэдүүлсэн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн, гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав.
Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссанаар хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулахаар шийдвэрлэн Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөв.