Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит буюу 2021 оны анхны хуралдаан цахим хэлбэрээр энэ сарын 14-ний өдөр боллоо. Хуралдаанаар нийт 22 асуудал үүний дотор цаг үеийн хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Тухайлбал, "МИК ОССК" ХХК-ийн үүсгэн байгуулсан "МИК актив-25" ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгож, тус компанийн гаргасан хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасыг бүртгэхийн зэрэгцээ "Эрдэнэс Сольюшинс" ХК-ийн нэгж хувьцааг 10 хувааж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, "Пантер мидланд аудит" ХХК-д үнэт цаасны зах зээлд аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр шийдвэрлэлээ. Мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 4 компанид, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 2 компани, 2 хуулийн этгээдэд, даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 аж ахуйн нэгжид олгохоор харин нэг компанийн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэсэн юм.
Түүнчлэн 4 хадгаламж зээлийн хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар нэр бүхий хоёр компанид даатгалын байгууллагад аудит хийх эрх олгох, хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар хуралдаанаар шийдвэрлэлээ.