"Covid-19" цар тахалтай тэмцэхэд зориулж Франц Улсаас Холбооны иргэний хамгааллын механизм (UCPM)-ийн хүрээнд 54 мянган еврогийн үнэ бүхий хүчилтөрөгчийн эмчилгээний тоног төхөөрөмжийг Монгол Улсад тусламжаар олгохоор болжээ.
Хүчилтөрөгч ялгаруулагч 5 ш, 10 литрийн генератор 5 ш, хүчилтөрөгчийн маск 400 ш, хүчилтөрөгчийн нүдний шил 200 нь ширхгээс бүрдэх энэхүү тусламж нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэхэд Монгол Улсад туслах зорилготой БНФУ-ын иргэдийн сайн санааны илэрхийлэл гэдгийг Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Сонирхуулахад, Холбооны иргэний хамгаалалтын механизм нь гамшгийн үед улс орнуудад үзүүлэх тусламжийг зохицуулах зорилгоор 2001 онд байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааг нь Европын холбооны яаралтай хариу арга хэмжээг зохицуулах төвөөс (ERCC) удирдлагаар хангадаг байна.