logo
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

2021/01/28

 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн 1 дүгээр зүйлийн “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг асуудлыг Байнгын хорооны 2021.01.25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах тухай горимын санал гаргаснаар хуралдаан даргалагч гурав хоногийн завсарлага өгсөн юм. Хоригийн хугацаа дууссан учир өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцлээ. 

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг /http://forum.parliament.mn/projects/11028/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулснаар хоригтой холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, хариулт авав. Н.Алтанхуяг гишүүний “Ерөнхийлөгч яг ямар саналтай байна вэ, ямар хувилбар дэвшүүлж байгаа юм бэ” гэсэн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир “Авлигатай тэмцэх газрыг байгуулах асуудлыг хэлэлцэх үеийн протоколыг үзсэн. Тухайн үед Авлигатай тэмцэх газрын даргыг бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч санал болгох хувилбарыг зөв юм байна гэж хэлэлцэн, дэмжиж баталсан байдаг. Энэ зохицуулалтыг хэвээр үлдээх хамтын шийдэл хайх саналтай байгаа юм” гэж хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Нэг намын даргад хэт их эрх мэдэл төвлөрөхөөс сэргийлж хоригийг хүлээгээд авчих нь зөв байх” гэсэн байр суурийг илэрхийлж, үг хэлэв. 

Ийнхүү хэлэлцээд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Ингээд уг асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш