УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ танилцуулсны дараа шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ирээдүйд тустай дөрвөн зорилтоо танилцуулснаар УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган өндөрлөж, УИХ-ын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ.
Тэрбээр УИХ-ын 2020 оны намрын чуулган хэлэлцэхээр товлосон үндсэн асуудлуудаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, өндөрлөж байгааг тэмдэглэв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн анхны чуулган байснаараа энэ удаагийн чуулган онцлогтой гэдгийг хэллээ. Мөн коронавирусийн цар тахлын улмаас гамшгийн үеийн хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон онцгой үед хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, УИХ-ын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж, цахим технологи ашиглан хуралдсан болохыг онцлон дурдаад “Онцгой байдлын үед зайлшгүй шаардлагатай, чухал хууль, шийдвэрийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахад идэвхтэй, ажил хэрэгч оролцож, өндөр зохион байгуулалттай ажилласан нийт гишүүд, Ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэх нь энэ чуулганы үндсэн зорилго байсныг онцлоод засаг захиргааны шинэчлэл хийх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, хараат бус, бие даасан, шударга шүүхтэй болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоолын талаар дэлгэрэнгүй УИХ-ын дарга танилцуулсан.
Үргэлжлүүлэн тэрбээр энэ Их Хурал хууль, эдийн засаг, нийгмийн бодлогын гурван хүрээнд “Эрх зүйн хувьсгал” хийх зорилт тавин ажиллаж байгааг цохоод “Сайн хууль, зөв засаглал, шударга ёс, мэргэшсэн, ёс зүйтэй төрийн алба, эрүүл улс төр, ойлголцол зөвшилцөл бий болгохгүйгээр бид урагшилж чадахгүй нь тодорхой байна. Хөгжлийн тогтвортой стратеги, төлөвлөлт, шат дараатай хэрэгжүүлэх зөв механизм, халамжид биш бүтээмжид суурилсан бодлого, тогтолцоогүй бол хөгжлөөс гээгдсэн хэвээрээ байх болно. Экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, баялгийн шударга, зөв хуваарилалт, эрүүл бие саруул ухаантай, дэлхийн түвшний эрдэм боловсролтой иргэн бол хөгжлийг тэтгэх хөшүүрэг юм” гэлээ. Ийм алсын хараанд суурилж байгаа Эрх зүйн хувьсгал дөнгөж эхэлж байгаа бөгөөд ирэх хаврын чуулганаар нэн чухал 100 гаруй хуулийн төслийг хэлэлцэн батлах ёстойг тэмдэглэсэн. Иймд нийт иргэдийг lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn цахим системийг өргөн ашиглаж, хуулийн төсөлд санал, дүгнэлтээ ирүүлэхийг хүссэн.
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган ийнхүү өндөрлөлөө. Ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 31 удаа, Байнгын болон дэд, түр хорооны хуралдаан 114 удаа хуралджээ. Ээлжит чуулган 50-иас доошгүй хоног үргэлжилдэг байсныг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 75-аас доошгүй хоног болгон өөрчилсөн. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 82 хоног хуралдаж, нийт 87 хууль, УИХ-ын 44 тогтоол хэлэлцэж баталжээ.