logo
Цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлыг арилгах, сэргээх цогц төлөвлөгөө боловсруулна

Цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлыг арилгах, сэргээх цогц төлөвлөгөө боловсруулна

2021/02/04

Улсын онцгой комисс хуралдаж, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзсэн. 

Энэхүү хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын гишүүдтэй хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг авч, зарим үүрэг чиглэлийг өглөө. 

Цар тахлын тархалт буурахгүй, өнөөг хүртэл нөхцөл байдал сайжрахгүй байгаа учраас нэг хэсэгтээ энэхүү халдварт өвчинтэй зэрэгцэн амьдрахаас өөр аргагүй байгааг Засаг дарга онцлоод, нийслэлийн төр, захиргааны бүх байгууллагууд иргэддээ үйлчлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстойг анхаарууллаа. Тиймээс төрийн захиргааны төв байгууллагууд, Захирагчийн ажлын алба, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагууд мэргэжил, арга зүйн талаас туслан дэмжиж ажиллахыг сануулсан юм. 

Мөн тэрбээр коронавируст цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлыг арилгах, эдийн засгийг сэргээх цогц төлөвлөгөөг нийслэлийн удирдлагын бүрэлдэхүүн боловсруулна гэдгийг хэллээ. 

Засаг дарга Д.Сумъяабазар “Хэдий цар тахалтай нүүр тулж байгаа ч нийгэм, эдийн засгийг сэргээхэд онцгой анхаарах ёстой. Тиймээс цар тахалтай зэрэгцэн амьдрах, эрсдэлийн менежмент рүү үйл ажиллагаагаа чиглүүлнэ” гэлээ. 

Мөн бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүүхэд, ахмад настны халамжийн төвүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, хорио цээрийн дэглэмийг хэрхэн мөрдүүлж байгаад хяналт, шалгалт хийхийг НМХГ, НЭМГ-т үүрэг болгосон юм. Түүнээс гадна орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжиж халдвар тархах магадлал өндөр байгаа учраас үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүст даалгалаа. Мөн тусгаарлах байруудыг нэмж байгуулах зочид буудлуудын судалгааг яаралтай гаргахыг үүрэг болгосон юм.  Засаг дарга Д.Сумъяабазар эцэст нь Улаанбаатар хотод “Нэг хаалга-нэг хүн”, “Нэг хашаа-нэг хүн” аяны хүрээнд нийслэлийн 412 мянга гаруй өрхөөс нэг гишүүнийг хөл хорионы хугацаанд багтаан шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэлээд, энэхүү ажлын бэлтгэл ажлыг яаралтай хангахыг үүрэг болгосон юм. 

Үүнд нийслэлийн харьяа агентлагийн албан хаагчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш