logo
 ”50 саяын татвар”-ыг үл тэвчих арван шалтгаан

”50 саяын татвар”-ыг үл тэвчих арван шалтгаан

2011/11/30
УИХ-ын сонгууль ойртож, сонгуулийн бэлтгэлийг улс төрийн намууд ид базааж байна. Манай Ардчилсан нам олон сайхан зөв үйл ажиллагаа явуулж, ард түмэнтэйгээ уулзаж, монгол хүнээ яаж хөгжүүлэх талаар улс орон даяар яриа өрнүүлж байна. Гэвч сайны ард саар зүйл буглаж байгааг жирийн гишүүд бид харж байна. Энэ буглаа бол ганц нэг хүний, ганц удаагийн алдаа биш, харин манай тогтолцоонд байсаар ирсэн нэлээд эртнээс угшилтай гажуудал юм. Гэвч бид тогтолцооныхоо гажуудлыг хэзээ нэгэн цагт, ямар нэгэн шалтгаанаар засах хэрэгтэй боловч тэр бүхэнд намынхаа нэрийг бодож, эсвэл мэдлэг дутаж, эсвэл хүсэл зориг дутаж ирлээ. Гэвч одоо энэ гажуудлыг ил тод ярьж засах цаг нь болжээ. Энэ оны хавар АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан нэгэн шийдвэр хэрээс хэтэрсэн зүйл болж, манайд нүүрлээд байгаа нэгэн тогтолцооны гажуудлыг засах цаг болсныг нотолж өглөө. Энэ шийдвэр бол УИХ-д нэр дэвшигчийн “50 саяын татвар” хэмээх татвар юм.  Энэ шийдвэр ёсоор АН-аас 2012 онд УИХ-д нэр дэвшигч нь намын төв санхүүд 50 сая төгрөгийг 4 удаагийн төлөлтөөр тушаах ёстой. Өдгөө АН-аас нэр дэвшигчид гуравдах ээлжийн мөнгийг төлөх эцсийн хугацаатай тулж ирээд байна. Хэдхэн цагийн дотор нэг хэсэг маань 12.5 сая төгрөгийг намынхаа дансанд шилжүүлэх үүрэгтэй.
Би “50 саяын татвар”-ыг эхний өдрөөс нь л шударга бус татвар хэмээн үзэж битүүхэн эсэргүүцэж байсан гишүүдийн нэг учраас өнгөрсөн хэдэн сарын турш сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилтийн талаар ардчилсан орнуудын жишгийг нарийвчлан судлахаар шийдсэн юм. Өөрийн болон журмын нөхдийн судалсан мэдлэг, эрэл хайгуулын үр дүнд олсон мэдээллээс үзэхэд “50 саяын татвар” бол үнэхээр бидний мэдэрсэнчлэн шударга бус татвар байжээ гэдэг нь нотлогдож байлаа. Мөн ийм шударга бус татвар нь зөвхөн манай намд төдийгүй, ардчилсан үнэт зүйлийг эрхэмлэгч ямар ч намд байж болшгүй зүйл юм гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
“50 саяын татвар” яагаад шударга бус вэ? Яагаад бид энэ татварыг үл тэвчих ёстой вэ? Үүний хариултыг АН-ын журмын нөхөр, ардчиллыг дэмжигч Монгол улсын иргэн тантай илэн далангүй хуваалцая. Та үүнийг мэдэх эрхтэй.

Нэг. Суурьгүй татвар - Алба гувчуур.

Ардчилсан нийгэмд аливаа татвар заавал бодит суурьтай байдаг. Орлогын татварын суурь нь орлого, хөрөнгийн татварын суурь нь хөрөнгө, нөөцийн татварын суурь нь байгалийн баялаг, замын татварын суурь замын элэгдлийн үнэлгээ гэх мэт бүх татвар бодит суурьтай. Бодит суурьтай татвар нь эдийн засгийг хөгжүүлэх, үйл ажиллагааны зайлшгүй зардлыг санхүүжүүлэх хэмжээнд байвал зохистой билээ.
Ардчилсан нам байгуулагдсан цагаасаа эхлэн коммунист нийгмийн үед аж ахуйн үйл ажиллагаанд ногдуулдаг байсан 96 хувийн татварын эсрэг эрслэн тэмцэж, удаа дараагийн парламентаар татварын ачааллыг багасгах хуулиудыг батлуулж чадсан түүхтэй. Манай намын татварын бодлогын үр дүнд орлогын албан татвар 10 хувь хүртэл буурсан гэдгээр би бахархдаг. Намынхаа дотоодод ч, Ардчилсан намын гишүүний татвар бол нийгмийн хамгийн эмзэг давхрагын хүн төлж болохуйц хэмжээнд буюу хүн ам дахь орлогын доод хэмжээг баримжаалж суурилсан байдаг. Энэ бол Ардчилсан нам үнэт зүйлдээ үнэнч байж гаргасан шийдвэрүүд.  Гэтэл 2011 оны хавар Гүйцэтгэх Зөвлөлөөс тогтоосон “50 саяын татвар” ямар ч бодит суурьгүй юм. Хэрэв манай намын уламжлалт татварын бодлого болох 10 хувийн татвараар авч үзэх юм бол, хэрэв 50 саяын татварыг хүн амын жилийн орлогоор суурилсан байж магадгүй хэмээн таах юм бол, ГЗ маань АН-ын жирийн гишүүний жилийн орлогыг 500 сая төгрөг гэж тооцож байгаа бололтой. Үүнээс бага орлоготой гишүүдээсээ намын удирдлага нэгэнт тасарчээ. Харин жирийн орлоготой гишүүдийн хувьд “50 саяын” татвар нь бодит суурьгүй татвар юм.Ийм суурьгүй татварыг татвар гэхээсээ илүү алба гувчуур гэж нэрлэвэл зохилтой. Алба гувчуур гэж дарангуйлагч нийгэмд байдаг, жирийн хүнийг шийтгэх хэмжээнд хүртэл тогтоосон хэт өндөр татварыг хэлдэг билээ.    

Хоёр. Жирийн гишүүний сонгогдох эрхийг хааж боосон хэт өндөр хэмжээтэй
Намын үндсэн дүрмийн дагуу УИХ-д нэр дэвших, сонгогдох эрх АН-ын гишүүн бүрт бий. Бас энэ бол Үндсэн хуулиар иргэн бүрт олгогдсон эрх. Сонгогдох эрх бол Үндсэн хуулиар “иргэний баталгаатай эдлэх ёстой эрх” гэж заасан эрхүүдийн нэг. Ардчилсан Нам дотор Үндсэн хууль, Намын Үндсэн дүрмийг хэрэгжүүлэхийн тулд энэрэнгүй шийдэл хэрэгтэй. Жирийн орлоготой, жирийн гишүүн хүртэл нэр дэвшиж болохуйц тийм хандив, тийм татварыг нам тогтоох ёстой. Тэгэхгүйгээр хүний сонгогдох эрхийг бид нам дотроо баталгаажуулж чадахгүй. Гэтэл “50 саяын татвар”-ын гол зорилго нь гишүүддээ үйлчлэх, гишүүдийнхээ эрхийг хангахад бус харин хааж бооход зориулагдсан байна. Энэ хэт өндөр хэмжээтэй татварыг төлж эс чадах хэн бүхэн АН-ынхаа туган доор нэр дэвших эрхгүй болж байна.

Гурав. Тэгшитгэсэн, регрессив татвар

АН-ын гишүүний орлого, амьжиргааны түвшин, хөрөнгө босгох чадвараас үл хамааран УИХ-д нэр дэвшигчийн татварыг 50 сая төгрөгөөр тэгшитгэн тогтоосон нь шударга бус юм. Ийм тэгшитгэсэн татварыг эдийн засгийн хэлээр регрессив татвар гэж нэрлэдэг. Регрессив татвар нь ихэвчлэн шударга бус байдаг юм. Учир нь регрессив татвар бол баян хүнд хөнгөнөөр тусч, ядуу хүнийг өндийхгүй болтол нь дардаг түгээмэл шинж чанартай.

1980-аад онд Лондон хотод иргэний тоо толгойн татварыг нэвтрүүлсэн нь бослого хөдөлгөөнд хүргэсэн билээ. Мөн түүнтэй төстэй регрессив татвар тогтоосон улс, хотууд бүрт эсэргүүцэл тэмцэл хурцаар өрнөдөг юм. Регрессив татварыг ногдуулахдаа гарах улс төрийн ийм үр дагавараас нь болгоомжилж аливаа тэгшитгэсэн татварыг тун бага хэмжээгээр тогтоодог жишиг улс орнуудад бий. Тун бага хэмжээний регрессив татварыг тэвчиж болохуйц зүйл гэж ихэнх хүмүүс үздэг ч, шударга бус татвар гэдэг нийтлэг үнэлэмж нь хэвээр байдаг юм.

Улс төрийн намыг санхүүжүүлэх олон улсын туршлагаас үзэхэд намууд нэр дэвшигчиддээ регрессив татвар огт ногдуулдаггүй байна. Тэр ч байтугай нэр дэвшигчийн татвар гэдэг ойлголт аль ч өндөр хөгжилтэй ардчилсан оронд байдаггүй ажээ. Ардчиллыг шинээр амжилттай хөгжүүлж байгаа орнууд ч нэр дэвшигчийн татвар хэрэглэхгүй байна.

Харин нэр дэвшигчээс намдаа өгөх хандивын дээд хэмжээ гэдэг ойлголт зарим улс төрийн намуудад байдаг. Хандивын доод хэмжээг бус дээд хэмжээг хязгаарлаж өгснийг анзаараарай. Тэдгээр намуудын хувьд, нэр дэвшихийн хүссэн намын гишүүн сонгуулийн санхүүжилтийн нэрийн дансаа сонгууль болохоос хангалттай урт хугацааны өмнө нээх бөгөөд, энэ дансандаа цугларсан мөнгөнийхөө 10 хувиас дээшгүйг намдаа өөрийн үзэмжээр хандивлаж болдог жишиг байна. Ингэснээр их хандив цуглуулсан нэр дэвшигч намдаа том хандивлагч болдог байхад, бага хандив цуглуулсан нэр дэвшигч даруухан хандивлагч болдог байна. Энэ жишиг бол прогрессив татварын хэлбэртэй төстэй. Прогрессив татвар нь орлого ихтэй хүн ихийг, орлого багатай хүн багыг, хөрөнгө ихтэй хүн ихийг, хөрөнгө багатай хүн багыг төлөх зарчим бүхий хамгийн шударга татварын хэлбэр билээ. Гэтэл ГЗ-ээс тогтоосон “50 саяын татвар” регрессив төдийгүй, хэт өндөр хэмжээтэй татвар юм. Шударга бус татварыг ийм өндөр хэмжээтэйгээр тогтоосон учир энэ татвар бол тэвчихийн аргагүй шударга бус зүйл юм.


Дөрөв. Далд өртөг ихтэй татвар
УИХ-д нэр дэвшигчид төв намд 50 сая төгрөг тушааснаар сонгогдох эрх нь нээгдчихгүй. Цаашлаад тойргийн оноолт хийхийн тулд Нийслэлийн АН, Дүүргийн АН, Аймгийн АН-уудад 50-100 сая төгрөгийн татвар нэмж төлөх болж байна. Өөрөөр хэлбэл “50 саяын татвар” бол суурьгүй, хэт өндөр, регрессив татваруудын дөнгөж эхлэл нь бөгөөд ардаа 100 илүү хувийн далд өртөг агуулсан татвар юм. Энэхүү шударга бус татварыг төлж эхэлснээрээ, төлөхийг зөвшөөрснөөрөө АН-ын гишүүд бид түүний цаана байгаа далд өртөгийг төлөх бичигдээгүй гэрээг хүлээн зөвшөөрөх болж байна.

Далд өртөг үүгээр хязгаарлагдахгүй. Намын удирдлагуудын мэдэлд өгсөн олон сая төгрөгөө нэр дэвшигч өөрөө зарцуулсан бол ялах боломжтой байх атал, босгосон хөрөнгийнхөө ихэнхийг намдаа хураалгаснаар нэр дэвшигчид ялах боломжоо алддаг юм. Далд өртөгийн эцсийн дүн нь ялах боломжтой байсан нэр дэвшигчийн ялагдлаар илэрдэг. УИХ-ын түвшинд хэдэн давхар далд өртөгийг төлж эхэлсэн нь орон нутгийн түвшинд хортой үр дагаварыг авчирдаг. УИХ-ын түвшний жишгээр орон нутагт нэр дэвшигчдээс их хэмжээний татвар татаж эхэлдэг. Ингэснээр АН зөвхөн УИХ-ын түвшинд боломж бололцоогоо алдаад зогсохгүй, орон нутгийн түвшинд ялах бололцоотой байсан нэр дэвшигчдээ үргээх, мөнгөөр ялгаварлан гадуурхах далд хохирол үүсч байна.

Тав. Буруу жишгийг гааруулсан татвар
Ардчилсан Намын түүхэн уламжлал дотор улс орондоо гэрэл гэгээтэй сайн өөрчлөлт олныг авчирсан бахархам зүйлс олон бий. Гэхдээ нэг зүйл дээр АН-ынхан зөв замаа ололгүй удаан тэнүүчиллээ. Энэ бол сонгуулийн санхүүжилтээ яаж босгох вэ гэдэг эрэл хайгуул. Эхэндээ бид өнөөгийн МАН шиг байлаа. Манай удирдлагууд МАН-ын жишгээр цөөхөн хэдэн хандивлагч нараас дарга нарын мэдэлд далд нууц мөнгийг цуглуулж, тэр мөнгөөр намаа санхүүжүүлдэг цаг үе байсан. Энэ хэвээр удсан бол улсаа ч худалдаж мэдэх аюултай санхүүжилтийн тогтолцоо өсөн торниж байсан учир АН энэ тогтолцооноос даруй татгалзсан нь эх оронч, улс төрийн тусгаар тогтнолдоо үнэнч үйл хэрэг байв.

Дараа нь манай нам санхүүжилтийг нэр дэвшигч нараасаа ил тод босгодог тогтолцоонд шилжсэн юм. Эхэндээ энэ нь маш даруухан, бас зөв элементтэй байлаа. Жишээлбэл, нэр дэвшихийг хүсэгчид аймаг, дүүргийн намын хорооны хуралд очиж өрсөлдөөд (ямар ч мөнгөгүйгээр шүү) намын хорооны нууц санал хураалтаар эрэмбэлүүлдэг байв. Эрэмбээр дээгүүр орсон гишүүдийг төв нам тойрогт хуваарилан байрлуулчихаад тэднээс татвар авч эхэлсэн юм. Тэр татвар бас л тухайн үедээ өндөр хэмжээтэй, регрессив татвар байв. Нэг сайн тал нь татвар төлөгч хүнийг эхлээд намын хорооны гишүүд тодруулсан байсан юм. Дотоод ардчилал ч амьд үйлчилж байв. Мөн тэрхүү татвар далд өртөггүй байлаа. Төв нам цуглуулж авсан татвараасаа орон нутгийн намыг санхүүжүүлсэн болохоор нэр дэвшигчид давхар татвар төлдөггүй байв. Удсан ч үгүй дахин нэг сонгуулийн хугацаа өнгөрөхөд манай намын татвар буруу тийш хөгжиж, өнөөгийн шударга бус хэлбэрийг олсон юм. Энэ бол М.Энхсайхан намын дарга байх үед тохиолдсон явдал гэдгийг хүн бүхэн санаж байгаа байх.  Гэвч 2004 онд эхэлсэн энэ буруу жишгийг түүнээс хойшхи намын удирдлагууд засч чадалгүй явж иржээ. Буруу жишгийн үргэлжлэлийг бид нэг хоёр удаа тэсч болох ч олон удаа тэвчихийн аргагүй юм. Учир нь буруу жишиг гаарч ужгирахын хэрээр ардчиллын үнэт зүйл ул болж байна. “50 саяын татвар” манай намын санхүүжилтийн хамгийн буруу жишгийг ужгируулж, гааруулж байна. Ардчилсан нам сайжирч, хөгжих ёстой байтал, энэ татвараас болж уруудаж, муудаж байна. 

Зургаа. Эрхгүйгээр үүрэгжүүлсэн татвар
“50 саяын татвар”-ыг нэр дэвшихийг хүсэгч иргэнд ногдуулах болсноор АН-ын гүйцэтгэх зөвлөл намынхаа гишүүдийг амбицаа мөнгөөр илэрхийлэхийг үүрэгжүүлсэн. Улс төрийн сонгуульд нэр дэвших амбийцийн Үндсэн хуулийн хэллэг нь “сонгогдох эрх” юм. Сонгогдох эрхтэй иргэн сонгогдох хүслээ мөнгөөр илэрхийлэх туршлага ардчилсан орнуудад бий. Ийм орнуудад сонгуулийн санхүүжилтийн тухай хууль тогтоомж баталж, уг хуулийн дагуу амбийцаа илэрхийлэх иргэн өөрийн сонгуулийг санхүүжүүлэх нэрийн дансыг сонгууль эхлэхээс хангалттай урт хугацааны өмнө нээж сонгуулийн байгууллагад бүртгүүлдэг.  Хэрэв АН-ын гишүүн амбийцаа мөнгөөр илэрхийлэх ёстой юм бол өөрийн сонгуулийн санхүүжилтийг босгох нэрийн данс нээх эрх бас байх ёстой. Нэрийн дансныхаа орлого, зарлагын тайланг намдаа ил тод мэдээлэх эрх, тэнд байгаа мөнгөнийхээ хэмжээнээс зохистой ногдуулсан татварыг хүлээн зөвшөөрөх эрх ч байх ёстой.

Өөрөөр хэлбэл аливаа татвар, хандивын үүрэг нь эрхээр баталгаажсаны дараа үүсэх зарчимтай. Орлогын татвар төлөх үүрэг нь орлого олох эрхээр баталгааждаг. Хөрөнгийн татвар төлөх үүрэг нь хөрөнгө өмчлөх эрхээр баталгааждаг билээ. Гэтэл АН-ын гишүүн төдийгүй монголын улс төрд оролцохыг хүсч байгаа иргэнд сонгогдох эрхээ хэрхэн баталгаатай эдлэх, сонгогдоход шаардлагатай санхүүжилтийг яаж бүрдүүлэх талаар тодорхой, хангалттай эрх нээгдээгүй хэвээр байна. Сонгууль болохоос хангалттай цаг хугацааны өмнө, сонгуульд жирийн иргэн ч оролцож болохуйц хангалттай хэмжээний эрх иргэнд нээгдсэн байж гэмээ нь зарим нэг татвар хандивын үүрэг ногдох зарчим үйлчлэх ёстой. Харин өдгөө бүх зүйл урвуугаар явагдаж байна. 

“50 саяын татвар” нь эрхгүйгээр ногдуулсан үүрэг бөгөөд, эрхийн тухай ямар ч заалт байхгүй ийм хэрээс хэтэрсэн үүргийг  гишүүддээ тулгах нь харгис бөгөөд шударга бус үйлдэл юм. Ийм харгис зүйлд улс төрийн нам дасах нь аюултай. Яагаад гэвэл намын төлөөлөл төрд байна, төрийн шийдвэр иргэнд тусна. Өнөөгийн УИХ үүний сонгодог жишээ болж байна. УИХ маань дөнгөж саяхан иргэдээ эрхгүйгээр үүрэгжүүлж эхэллээ. УИХ-д нэр дэвших хүсэлтэй хүн төрийн албанаас сонгууль болохоос зургаан сарын өмнө чөлөөлөгдөх ёстой гэнэ. Энэ бол үүрэг гэнэ. Гэтэл тэр хүнд ямар эрх нээгдэв? Зургаан сарын өмнөөс сонгуульдаа хэрэглэх хөрөнгөө босгож эхлэх эрх нээгдэв үү. Үгүй. Цалингүй бол, орлогогүй бол. Сонгуульд дэвших гэж байгаа бол мөнгөгүй байж бай. Тэр мөнгөө далд нууц аргаар түүгээрээ олж чадвал ол, олохгүй бол хохир. Ил тодоор мөнгөө босгох эрхийг чамд өгөхгүй, төрөөс ч дэмжихгүй, хэн ч чамайг дэмжихгүй. Ийм л шийдвэрийг төр гаргалаа шүү дээ. Энэ бол эрхгүйгээр үүрэгжүүлэх шийдвэрт нам, төр аль аль нь дасч, хэвийн үзэгдэл болгосны илрэл юм.

Долоо. Үнэт зүйлийг гажуудуулсан татвар
Санхүүжилтийн тогтолцооноос хамаарч нийгмийн үнэт зүйлийн тогтолцоо өөрчлөгддөг. Шударга санхүүжилттэй газарт шударга ёс цэцэглэдэг байхад, шударга бус санхүүжилттэй орчинд шударга ёс уланд гишгэгддэг. Авилга, хээл хахууль гэх мэт шударга бус хөрөнгө төрийн албан хаагчийг санхүүжүүлэхэд нүүрлэхэд улс орон даяар хууль ёс гажууддаг. Үүний нэгэн адил, улс төрийн намын санхүүжилт шударга бус байдлаар удаан үргэлжилбэл намын дотоодод үнэт зүйлийн эрэмбэ дараалал алдагдана.

Ардчилсан нам анхны жилүүддээ улс орныхоо төлөө цогтой тэмцэгч нараа УИХ-д илгээдэг байв. Ардчилсан намыг АИХ, УБХ, УИХ-д төлөөлж байсан анхдагчдыг аймаг, дүүргийн намууд урьж нэр дэвшүүлэн, тэд ч улс орондоо эрх чөлөө, хүний эрхийг баталгаажуулахын төлөө ард түмнийхээ өмнөөс шулуун шударга үгээ хэлж шийдвэр гаргах түвшинд жирийн иргэний төлөөлөл болдог байлаа. Сонгуулийн санхүүжилтийн тогтолцоо “буруу замаар будаа тээж” эхэлсэн цагаас манай нам дотор ард түмний төлөө шударга ажиллах нэр дэвшигчийг хайхаас илүү, мөнгөтэй нэр дэвшигчийг хайх явдал газар авсан билээ. Одоо аль нэг намын хорооны хуралд яваад очиход “манайх руу мөнгөтэйхэн шиг олигарх явуулаарай” гэж захих нь холгүй болжээ.

Намын дотор мөнгийг хэт шүтэх үзэл ингэж дэлгэрснээр шат шатны улс төрийн  байгууллагууд ард түмнээсээ улам холдож, олигархи үгүйлсэн субьектууд болон хувирах аюултай байна. Үүнээс үүдэн сонгогчид ч үнэт зүйлийн гажуудалд орж байна. Сонгогчдын хувьд тэднийг төлөөлөх шударга улс төрч хэрэггүй мэт, харин сонгуулийн үеэр “арван ембүү” тараах улс төрч хэрэгтэй мэтээр үнэт зүйл гажуудаж байна. Үнэт зүйлийн эрэмбэ дарааг зөв болгоё гэвэл сонгуулийн санхүүжилтийг шударга болгох шаардлагатай. “50 саяын татвар” нь ардын хэллэгээр “мөнгөтэй нь наашаа, мөнгөгүй нь цаашаа” гэсэн татвар юм.

Ардчилсан нам нэр дэвшигчээ ганцхан ийм шалгуураар тогтоох юм гэж үү. Ардчилсан нам ард түмнийг ийм шалгуураар төлөөлөх юм гэж үү. Ардчилсан намын гишүүд хүнийг зөвхөн мөнгөөр үнэлэхтэй эвлэрнэ гэж үү. Намынхаа түүхэн уламжлалыг сэргээн санасан ч, Үндсэн дүрэмд заасан үнэт зүйлээ сөхөн харахад ч АН-ын хамгийн том үнэт зүйл нь “мөнгө” юм гэсэн заалт огт байхгүй байна. Хэрэв хөрөнгөтний нам байсан бол ийм үнэт зүйлтэй байж болох юм. Гэвч Ардчилсан намын бүрэлдэхүүнд нийгмийн бүх давхрагын хүмүүс байдаг бөгөөд тэр тусмаа нийгмийн хамгийн эмзэг давхрагын хүмүүс манай намд олноороо байдаг билээ. “50 саяын татвар”-ыг хүлээн зөвшөөрвөл бид тэдгээр гишүүд, дэмжигчдийнхээ төлөөлөл хэвээр байж чадна гэж үү?

Найм. Ирээдүйгүй татвар
Аливаа хууль тогтоомж “түр зуурын арга хэмжээ” гэж зарлагдахаас бусад тохиолдолд удаан хугацааны турш үйлчлэх ирээдүйтэй байх ёстой. “Ер нь л энэ замаар явбал цаашдаа зөв юм” гэж үзсэн зүйлээ хүмүүс удаан хугацаанд үргэлжлүүлэн мөрддөг. Сонгуулийн санхүүжилтийг одоогийн регрессив, хатуу татвараар үргэлжлүүлэх нь зөв биш юм байна гэдэг санаа бодлоо  2008 оны сонгуулийн үеэр манай намын олон нэр дэвшигч илэрхийлж байсан. Тэд ялангуяа хатуу татварын далд өртөг 100-120 сая давах үед энэ тухай дотооддоо шүүмжилж, “арай ч дэндлээ” гэцгээдэг байсан. Орон нутагт авах татвар нь төвийнхөөсөө ч өндөр болж, нэр дэвшигчийн амбийцийг хэт үнэлэн, гишүүдийг эрхгүйгээр үүрэгжүүлэх нь гаарч байгааг бид дор бүрнээ шивнэсээр ирсэн билээ. Ийм ч учраас намын сонгуулийн санхүүжилт арай хүнлэг чиглэлд өөрчлөгдөх болов уу гэсэн горьдлого хэн бүхэнд байсан. Гэтэл намын одоогийн удирдлага энэ байдлыг мэдрэлгүйгээр буруу жишгийг улам гааруулсан татвар тогтоогоод хэдэн сарын нүүр үзлээ. “Галт тэрэг хөдөлсөн”, одоо энэ татварыг зогсоохгүй гэж манай ГЗ их л тайван байх шиг байна. Гэвч шударга ёсны галт тэрэг түүнээс ч хурдан давхиж байгааг ард түмнийхээ дунд ороод ажиглаасай. Буруу зүйл угаасаа хэзээд ирээдүйгүй байдаг. “50 саяын татвар” буруу учраас ирээдүйгүй. Шударга бус учраас ирээдүйгүй. Энэ татварыг хүлээн зөвшөөрөх нь намын ирээдүйг, цаашилбал ардчиллын ирээдүйг бүдгэрүүлж байна. Энэ байдал нь Монгол улсын жирийн иргэний эрх, эрх чөлөө ирээдүйгүй болохын цондон. Ийм учраас ардчиллын ирээдүйд санаа зовж байгаа хэн бүхэн энэ татварыг цаашид хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Ес. Албан тушаалын түрээсийг цэцэглүүлсэн татвар   
Монгол улс Авилгатай тэмцэх НҮБ-ын конвенцэд нэгдээд удаагүй байна. Энэ конвенцэд нэгдсэнээр албан тушаалын түрээс хэмээх авилгын нэгэн төрлийг хуулиар хориглох үүрэгтэй улс болжээ, Монгол улс. Албан тушаалын түрээс гэдэг бол сонгуулийн санхүүжилттэй ихээхэн холбогддог эд. Албан тушаалын түрээс ингэж явагддаг.

Намдаа хэн их мөнгө өгсөн нь том албан тушаал авдаг. Дараа нь тэр албан тушаалтан дунд, доод шатандаа бас л мөнгөөр албан тушаалтныг томилдог. Ингэж бүх шатандаа мөнгөөр хэмжигдсэн албан тушаалтнууд үүсдэг. Эдгээр албан тушаалтнууд өөрийн зарцуулсан мөнгөө албан тушаалаасаа эргүүлж олж авахын тулд авилга хээл хахуулийг цэцэглүүлдэг. Авсан авилгаа дээд тушаалынхаа, өөрийг нь шилж сонгосон албан тушаалтанд хувь болгон хуваадаг. Ингэж “аалзны тор” төрийн албанд цэцэглэдэг юм.

УИХ-ын гишүүнд нэр дэвших эрхийг мөнгөөр үнэлж худалдсанаар яг иймэрхүү албан тушаалын түрээс цэцэглэх бодит аюул үүсдэг. Ардчилсан нам авилгатай тэмцэх, иргэддээ эдийн засгийн эрхийг нь чөлөөтэй нээхийн төлөө тэмцэх ёстой атал өөрсдөө албан тушаалын түрээс цэцэглүүлэх үр жимсийг суулгаж болохгүй. Мөнгөөр үнэлэгдэж орж ирсэн УИХ-ын гишүүн өөрт нь их мөнгө өгөх хүнд л үйлчилнэ. Өөрт нь мөнгө өгч чадахгүй жирийн иргэддээ үйлчлэхээ умартана. Энэ байдал энэ удаагийн парламентаас гаргасан “тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-аар хурц илэрсэн бөгөөд цаашид иргэдээс газрыг нь булаах, өмч хөрөнгийг нь нөхөн олговоргүйгээр хураах, дээрэмдэх хэлбэрээр ч үргэлжлэхийг үгүйсгэхгүй.

Албан тушаалын түрээс дэлгэрсэн газарт төр харгис болдог. Ийм ч учраас НҮБ-аас гаргасан Авилгын эсрэг олон улсын конвенцэд албан тушаалын түрээсийг нийгэмд аюултай авилгын нэг гэж тооцсон билээ.

“50 саяын татвар” нь УИХ-ын ирээдүйн суудлыг худалдаж байгаагаараа албан тушаалын түрээсийн хэлбэртэй байна. Цаашилбал, орон нутгийн Иргэдийн хурлын суудлуудыг ч ингэж мөнгөөр үнэлэхийг зөвтгөсөн жишиг бий болгож байна. Ингэснээр улс төрийн бүх албан тушаалууд мөнгөөр үнэлэгдэж “түрээслэгдэх” нь ээ. Энэ бол ардчилсан үзэлтэй намын хувьд цаашид үргэлжлүүлж болохгүй ноцтой алдаа завхрал билээ.

Арав. Тунгалаг бус татвар

Анх 2004 онд манай намын санхүүжилтийн буруу жишиг хэлбэршин тогтох үед М.Энхсайханы бодлогыг эсэргүүцэж шүүмжилж, намын санхүүжилтийг нээлттэй байлгахыг шаардаж байсан хүмүүсээс өнөөдөр АН-ын удирдлагад байгаа. Тэд 2004 оны сонгуульд  “Эх орон” намтай хамтран оролцохыг эсэргүүцэж, нэг компаний намтай нийлж, намынхаа үнэт зүйлийг орхиж, Ардчилсан намаа мөнгөний нам болголоо хэмээн М.Энхсайханыг хурцаар шүүмжилж байсан.  Мөн намын санхүүжилтэд зориулж нэр дэвшигчдээс хураалгасан их хэмжээний мөнгө хаачив, зарцуулалт нь яагаад нууц байна, намын санхүүжилтийн мөнгөөр чухам хэнийг дэмжив гэдгийг хянахыг хүсч, намын дотор олон ургальч үзлийн эрүүл агаар оруулж ирж байсан билээ. Гэтэл анх шүүмжилж байсан тэр зүйлээ өнөөдөр засч залруулахгүй байгаа нь харамсалтай байна.

Ардчилсан орнуудад улс төрийн зорилгоор цугларч байгаа, зарцуулагдаж байгаа бүх мөнгө тунгалаг түрийвчинд орсон мэт ил тод байх ёстой гэсэн нийтлэг зарчим үйлчилж байна. Ардчилсан нам нэр хүндийг мөнгөөр худалдаж авах шаардлагагүй, зүгээр л нэр төртэй зарчимтай ажилладаг нам байх ёстой юм. Ардчилсан намын ямар ч шударга гишүүн намынхаа үйл ажиллагаанаас ичдэг, ёс зүйн хувьд яс хавталздаг байж болохгүй. Бидний ясыг хавталзуулаад байгаа, ил тод биш, тунгалаг биш зүйлсийг манай нам дотооддоо засах шаардлагатай. Тэгэхгүйгээр бид монголын төрийг яаж тунгалаг болгох юм бэ. Засаглалаа яаж сайжруулж чадах юм бэ. Тунгалаг биш өрсөлдөгчтэй учраас адилхан бохироор өрсөлдөж, адилхан бохир аргаар явна гэдэг бол хамгийн арчаагүй сонголт юм.

Ийм учраас бидэнд бодох, ярилцах, өөрчлөх зүйл маш их байна. Ардчилсан намын чанар Монголын ардчиллын чанарт шууд нөлөөлдөг. Ардчиллаа чанаржуулахын тулд “нүдэнд орсон тоос, шүдэнд орсон мах” мэт биднийг зовоож байгаа “50 саяын татвар”-аа яаж зогсоож, оронд нь ямархуу шударга арга замаар намаа болон сонгуулиа санхүүжүүлдэг болох вэ гэдгийг хэлэлцэх цаг болжээ. Сонгуулийн санхүүжилтийн тухай хуулийг өргөн барьж, хэлэлцэж батлахад бүтэн сарын хугацаа байна.

Ардчилсан Намын ҮЗХ-ны гишүүн
Цэдэвдамбын Оюунгэрэл


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш