logo
ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын анхааралд

ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын анхааралд

2021/02/18
ОХУ-ын их, дээд сургуулиудыг танхимын журмаар хичээллүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны шийдвэр нь орос оюутнууд болон ОХУ-тай одоогоор харилцан хилээ нээсэн 15 улсын оюутнуудад хамааралтай болохыг Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас мэдэгдсэн байна. Эдгээр орны оюутнууд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны визийн урилгыг үндэслэн тухайн оронд суугаа ОХУ-ын Дипломат төлөөлөгчийн газраас виз авсны үндсэн дээр хилээр нэвтэрч байгаа юм.
 
Танхимын журмаар хичээллэх тухай шийдвэр нь ОХУ-тай харилцан хилээ нээгээгүй улс орнуудын иргэдэд огт хамааралгүй тул манай улсын оюутнуудад визийн урилга одоогоор ирүүлэх боломжгүйг мөн мэдэгдээд байна.
 
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны шийдвэрт ОХУ-ын их, дээд сургуульд суралцдаг гадаадын оюутнуудыг заавал танхимын дэглэмээр хичээллүүлэх талаарх шаардлага тусгагдаагүй. Ямар ч их дээд сургууль дээрх шийдвэрийг давж, ОХУ-тай хилээ харилцан нээгээгүй улс орнуудын оюутнуудыг заавал танхимын дэглэмээр суралц гэх шаардлага тавьж албадах эрхгүй. Хэрэв ийм төрлийн асуудал монгол оюутнуудад тулгарч байгаа бол Улаанбаатар хот дахь Оросын хэл, соёлын төвд хандаж асуудлыг тавьж болохыг зөвлөжээ.
 
ОХУ дахь цар тахлын нөхцөл байдал тогтворжиж, халдварын тохиолдол эрчимтэй буурах хандлага ажиглагдаж буй тул цаашид хөрш зэргэлдээ орнуудын оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудлыг тэргүүн ээлжинд тавих бөгөөд тодорхой шийдвэр гармагц цаг тухайд нь мэдэгдэхээ ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд мэдэгдээд байна.
 
Цар тахлын улмаас эх орондоо буцаад байгаа гадаадын оюутнуудад дараах шаардлагыг тавьж байна:
 
- ОХУ-ын их, дээд сургуулиудын өдрийн ангийн хичээл энэ оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн танхимын сургалтад шилжих боломжтой болсонтой холбогдуулан сургууль бүр өөр өөрсдийн нөхцөл байдалд зохицуулан сургалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа тул өөрийн суралцаж буй сургуультай холбогдож нарийвчилсан зааварчилгаа авах,
 
- ОХУ-ын их, дээд сургуулиудын зарим нь танхимын сургалтанд бүрэн шилжиж байгаа бол зарим нь танхимын болон зайн сургалтыг хослуулан явуулж байгаа бөгөөд эх орондоо байгаа оюутнуудад нэгдүгээрт, зайн сургалтад хамрагдах өргөдлийг сургуулийн захиргаанд гаргах, хоёрдугаарт, зайн сургалтад хамрагдах боломжгүй бол жилийн чөлөө авахыг хүсэх зэрэг нийтлэг шаардлага тавьж байгаа ажээ.
 
Манай улсаас ОХУ-ын иргэний их, дээд сургуулиудад 3000 орчим оюутан суралцдаг бөгөөд ОХУ-д суралцаж буй гадаадын оюутнуудын нэг орчим хувь, эх орондоо буцаад байгаа гадаадын оюутнуудын гурав хүрэхгүй хувийг эзэлж байна. Энэ дашрамд дурдахад, монгол оюутнуудын 90 гаруй хувь нь өөрийн хүсэлтээр одоогоор эх орондоо ирээд байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш