logo
Нийслэлд 13 төрлийн 59 үйл ажиллагаанд тусгай нөхцөл шаардана

Нийслэлд 13 төрлийн 59 үйл ажиллагаанд тусгай нөхцөл шаардана

2021/02/22

Энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл өглөө. Энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн 95 хүртэлх хувийг салбар тус бүрийн тусгайлсан дэглэм журмаар хэвийн үйл ажиллагааны горимд шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа. Улмаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдүүд халдвар хамгааллын дэглэм баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байгаа. Улмаар улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдэх юм. Тиймээс Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам, Худалдааны газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг боловсруулсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг танилцуулав. 

Нийт 14 төрлийн 86 үйл ажиллагааны чиглэлээр түр журам боловсруулсан байна. Эдгээрээс 13 төрлийн 59 үйл ажиллагаа нь тусгай нөхцөл шаардах юм. Үүнд: 

1. Худалдааны газар;

2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ;

3. Үсчин, гоо сайхан, хумс засал, нийтийн халуун ус, саун, усан бассейн;

4. Амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал;

5. Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ;

6. Соёл урлаг, сүм хийд, үзвэр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан;

7. Сургалтын төвүүд;

8. Тоглоомын төвүүд;

9. Нийтийн тээврийн үйлчилгээ;

10. Нийтийн зориулалттай орон сууц, нийтийн байр;

11. Хүнсний барааны тээвэр, түгээлт;

12. Буяны үйл ажиллагаа;

13. Жагсаал цуглаан багтана.

 Мөн 02 дугаар сарын 23-ны өдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбоотойгоор төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэд халдвараас сэргийлэх дэглэм сахиулах үүднээс хязгаарлах үйл ажиллагааг энэхүү журамд оруулж байгаа. Тухайлбал, төрийн байгууллага уралдаан тэмцээн, аялал зугаалга зохион байгуулахыг хязгаарлах бол хуулийн этгээд, иргэдэд дээрх хоёроос гадна өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийг хязгаарлаж байна. Мөн аж ахуйн нэгжид хамааралтай нэг заалт нь диско барын үйл ажиллагааг мөн энэ түвшинд хязгаарлана гэдгийг ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг хэллээ. 

Ингэж авч хэрэгжүүлэх арга хэмжээг иргэд, олон нийтэд тодорхой болгосноор аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа урьдчилан зохицуулах нөхцөл бүрдэнэ. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг салбар бүрд сахиж ажиллах нь дахин бүх нийтээр хатуу хөл хорио тогтоохгүй байх гол үндэс болно гэдгийг тодотгосон юм. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш