logo
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ

2021/03/10
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН БОЛОН ШҮҮХИЙН САХИЛГЫН
ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ТУХАЙ
ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн  77, 95 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан тул эдгээр албан тушаалд тавих шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна:

1. хууль зүйн өндөр мэргэшилтэй;

2. эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;

3. төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;

4. сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй;

5. сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;

6. эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3, 95.4, 95.8-д заасан дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна:

1.  хууль зүйн өндөр мэргэшилтэй;

2.  эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;

3.  төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;

4.  сүүлийн таван жил шүүгч, эсхүл улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;

5.  шүүгчээр ажиллаж байгаагүй;

6.  Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллахгүй байгаа;

7.  шүүхийн захиргааны ажилтнаар ажиллахгүй байгаа;

8.  өмгөөлөгчөөр ажиллахгүй байгаа;

9.  прокуророор ажиллахгүй байгаа;

10. эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн, эсхүл Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word форматаар тус тус/ хүлээн авна:

1. нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт /“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын дагуу бичиж гарын үсэг зурсан байх/;

2. төрийн албан хаагчийн анкет /гарын үсэг зурсан байх/;

3. иргэний үнэмлэхийн хуулбар;

4. нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;

5. эрх зүйн бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

6. хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт;   

7. эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт;

8. хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;

9. Шүүхийн тухай хуулийн 76.3 эсхүл 95.3, 95.4, 95.8-д заасан шаардлагыг хангасныг нотлох бусад баримт.

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварыг Word файлаар татаж авна уу.

Шүүхийн тухай хуулийг дараах линкээр унших боломжтой: https://legalinfo.mn/law/details/16047?lawid=16047

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам,” түүний хавсралтуудыг www.parliament.mn линкээр унших боломжтой.

Холбоо барих:

Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-267155, 51-262727

Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг:

Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 327 тоот

Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: Galsanbatb@parliament.mn

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО

2021.03.10

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш