Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2021.03.09/ Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Баянгол дүүргийн Ахмадын эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж, дархлаажуулалтын явцтай танилцан, эмч мэргэжилтнүүдтэй санал солилцсон. Уг ажлын хэсэг өнөөдөр /2021.03.10/ тайлан, санал, дүгнэлт гаргасан байна. Энэ талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.
Коронавируст халдварын эсрэг вакцинаар тархвар судлалын заалтаар дархлаажуулах үйл ажиллагааг 2021 оны 02 дугаар 23-ны өдрөөс эхлүүлсэн. 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын 13962, дүүргийн онцгой байдлын 1219, цагдаагийн байгууллагын 2862, мэргэжлийн хяналтын 146, хорооны хэсгийн ажилтан 1368, 59-64 насны 69, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын 1350, нийт 20976 иргэнийг тус тус дархлаажуулалтын 1 дүгээр тунд хамруулсан байна.
Дархлаажуулалтад зөвхөн 1 төрлийн Астразеник вакциныг сонголтгүй хийж байна. УОК-оос баримталсан бодлого нь шинэ вакцин тул эхний 2 долоо хоногт шинэ вакцины гаж нөлөө, хариуг урвалыг тандах зорилгоор зориудаар аажим явцтай хийж байгааг УИХ-ын гишүүд мэдээлэлдээ дурдлаа. Мөн дараах санал, дүгнэлтийг гаргасан байна.
Ажлын хэсгийн дүгнэлт:
1. Дархлаажуулалтын тухай хуулиар САРС-КОВ-19 вирусын эсрэг вакциныг тархвар зүйл заалтаар сайн дурын үндсэн дээр хийж байгаа. Дархлаажуулалтын тухай хуульд тархвар судлалын заалтыг илүү хариуцлагажуулах шаардлагатай тул тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
2. Дархлаажуулалт хийх нэмэлт цэгүүд дээр ажиллах хүний нөөц, халдвар хамгаалал алдагдах эрсдэлтэй, иргэд цаг барихгүй байх, хэт бөөгнөрөл үүсгэх хандлагатай байна.
3. Нэмэлтээр нээх дархлаажуулалтын цэгт шаардлагатай тоног төхөөрмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, мэдээлэл технологийн бэлэн байдлыг хангах.
4. Эмнэлгийн орчинд хүмүүсийн бөөгнөрөл ихээр үүссэн, орчин нөхцөлд нь ариутгал, халдваргүйтгэлийн стандартыг нарийн баримтлаагүй байгааг анхаарах.
5. Коронавирусын халдварын тархалтын хурд, вакцинжуулалтын хурд урвуу хамааралтай байх ёстой. Энэ нөхцөл хангагдахгүй байна.
6. Дархлаажуулалт хийж байгаа эмч, сувилагч, бусад ажилтнуудын цалин урамшуулал болон вакцинжуулалт хийхэд шаардлагатай урсгал зардлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Ажлын хэсгийн санал:
1. Дархлаажуулалтын тухай хуульд тархвар судлалын заалтыг илүү хариуцлагажуулах шаардлагатай тул тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Тухайлбал тархвар судлалын заалт дээр иргэдийг хариуцлагажуулах, цахим дархлаажуулалтын паспорт нэгдсэн сүлжээг бий болгох тухай оруулах.
2. Вакцины захиалга, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод болгох.
3. Иргэддээ олон төрлийн вакциныг сонгож хийлгэх боломжоор хангах.
4. Дархлаажуулалт хийж байгаа цэгүүдийн зохион байгуулалтыг сайжруулж, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангасан байх, талбай том, дэд бүтэцтэй, эмнэлгийн орчинг хангах, интернеттэй орчинг бий болгох.
5. Ард иргэд рүү чиглэсэн сурталчилгаа, зөвлөмж, гарын авлага, санамж, тараах материал зэрэг мэдээллээр бүрэн хангах.
6. Вакцин хийлгэсний дараах зөвлөмж, анхааруулгыг байнга өгч байх.
7. Дархлаажуулалт хийж байгаа эмч, сувилагч, бусад ажилтнуудын цалин урамшуулал болон вакцинжуулалт хийхэд шаардлагатай урсгал зардлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх.
8. Дархлаажуулалт хийх чадамж бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг дархлаажуулалтын ажилд оролцуулахад анхаарах.
Ажлын хэсгийн гишүүд Шадар сайдтай уулзаж, уг санал дүгнэлтээ хүргүүлэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.