Өнөөдөр нийслэлийн найман дүүрэгт дархлаажуулалтын 46 цэг ажиллаж байгаа бөгөөд Хил хамгаалах ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль, худалдаа үйлчилгээний салбарын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль дээр тус дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд вакцинд хамрагдаж байгаа юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч дарга Б.Баярмаа “Гуравдугаар сургуулийн цэг дээр 30 гаруй эмч, эмнэлэгийн ажилтнууд ажиллаж байна. Өнөөдөр зах худалдааны долоон төвийн 800 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулахаас 15:00 цагийн байдлаар 300 гаруй хүнийг хамруулаад байна. Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна. Зарим иргэдэд даралт ихдэх шинж тэмдэг илэрч байна. Тиймээс вакцинд хамрагдахаар ирэхдээ биеэ бэлдэж, даралт ихддэг бол даралтны эмээ ууж ирэхийг анхааруулж байна. Нэгдүгээр тунг хийлгээд дархлал тогтохгүй. Дараагийн тунг хийлгэснээр дархлал бүрэн тогтоно. Тиймээс хоёрдугаар тунг хийлгэх хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, халдвар авахгүй байх хэрэгтэй” гэлээ.
Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй байна. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэлж буй юм