2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр хуралдсан Улсын онцгой комиссын шийдвэрийн талаар УОК-ын дарга С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан “Нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Бид гуравдугаар сарын 29-ний өдөр хүртэл шар түвшнээс улбар шар түвшинд шилжиж ажиллаж байгаа.
Цаашид хатуу хөл хориог тогтоохгүйгээр дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл одоо байгаа улбар шар түвшиндээ байхаар шийдлээ. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд тусгайлсан зохицуулалт, зөвлөгөө гаргана.
Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудад цаг болон үйл ажиллагаанд зари м зохицуулалтыг хийх, халдвар хамгааллын дэглэмийг баримталж биелүүлэх тал дээр хаа, хаанаа анхаарч ажиллах, 14 хоногийн хугацаанд халдварын эрсдэл гаргахгүй байхаар зөвлөмж, зөвлөгөөнүүдийг гаргахаар шийдвэрлэлээ. Маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
Засгийн газар, УОК-ын зүгээс аль болох аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр ажиллаж байна. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч явуулын эмчилгээний багийг гаргах ажлууд зохион байгуулагдаж эхэлсэн учраас хатуу хөл хориог зохион байгуулахгүй гэж үзлээ” хэмээн мэдээллээ.