logo
18-аас дээш насныхан хэрхэн вакцин хийлгэх вэ

18-аас дээш насныхан хэрхэн вакцин хийлгэх вэ

2021/04/05

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас иргэдээс ирсэн асуултад долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт хариулт өгч байна. 

-Гуравдугаар сарын 30, 31-ний өдөр тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдаж болох уу?

-Тусгаарлалтын журмыг дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу Шадар сайд боломжийг судлах үүрэг өгсөн. Энэ дагуу гуравдугаар сарын 30, 31-ний өдөр тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн хоёр удаагийн шинжилгээ сөрөг гарвал 7 хоног тусгаарлахаар болсон. 

-Халдварын шинж тэмдэг илэрсэн, гэртээ халуурч байгаа иргэн хаана хандаж, хэрхэн шинжилгээ өгөх вэ?

-Шинж тэмдэг илэрсэн иргэн 100 дугаарт холбогдож, эхний ээлжинд биеийн байдлаа үнэлүүлэх хэрэгтэй. Хэрэв хүнд байвал ХӨСҮТ-өөс шууд очно. Хөнгөн байвал Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаад холбогдох зөвлөмжөө авна. Шинжилгээг цаг авч өгнө.

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим салбарын үйл ажиллагааг хязгаарласан. Энэ хүрээнд зах, худалдааны төвүүд хэрхэн ажиллах вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 07-20:00 цаг хүртэл зах, худалдааны төвүүд нийт хүчин чадлын 50 хувиар тогтоож ажиллана. 

-Хоолны газрууд зааландаа хүнд үйлчилж болох уу?

-Рестораны хувьд зөвхөн гал тогоо ажиллаж, зааланд хүн хүлээн авахгүй. 50 хувьд хязгаарлаж, хоол хүргэлтийн ажил байж болно.

-Шөнийн хөл хорио үргэлжлэх үү?

-Улбар шар түвшинд шилжсэнтэй холбоотойгоор лоунж, караоке, баарны үйл ажиллагааг хязгаарласан. Тиймээс энэ хугацаанд 23:00-06:00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлахгүй. Нийслэлийн Засаг даргын өмнөх захирамж хүчингүй болсон. Нэгэнт баар, ресторан 22:00 цаг хүртэл ажиллахгүй тул хатуу хөл хорио тогтоохгүй. Гэхдээ хязгаарлахгүй байгаа гээд иргэд дураараа явна гэсэн үг биш. Эргүүл чиглэлийн дагуу ажиллана.

-Үсчин, гоо сайхны газрууд хэрхэн ажиллах вэ?

-Хүчин чадлынхаа 50 хувьд ажиллах бөгөөд 20:00 цаг хүртэл ажиллана. Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтална. 

-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу?

-Хөхүүл хүн вакцины эсрэг заалтгүй бол хийлгэж болно. 

-Гадаадад вакциныхаа хоёр тунг аваад сар болсон иргэн тусгаарлалтад орох уу?

-Хоёр тунгаа хийлгээд сар болсон иргэн бүртгэлээ хийлгээд тусгаарлагдахгүй. 

-18-аас дээш насныхан хэрхэн вакцин хийлгэх вэ?

-Өнөөдрөөс эхлээд 18-аас дээш насны бүх иргэд вакцинжуулалтад хамрагдах боломжтой болж байна. Харьяа дүүрэгтээ байгаа дархлаажуулалтын цэгүүдэд очиж хүн хоорондын зайг барьж, хамрагдах боломжтой. Эхний тунг хийлгээд дархлаа тогтож байна гэсэн үг биш. Тиймээс хүн хоорондын зай барих, гараа угаах, амны хаалтаа зүүх гэх мэт халдвар хамгааллын дэглэмээ барих нь зүйтэй. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 80 цэгийг ажиллуулах бөгөөд хүмүүсийг нэг дор цуглуулахгүй байх үүднээс харьяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвөөс нэгдсэн зохион байгуулалтыг хийж байгаа учраас хороо, дүүрэгтээ хандах нь зүйтэй. 

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш