logo
Улсын Ерөнхийлөгч, улс төрийн  хутган үймүүлэгч Халтмаагийн Баттулга

Улсын Ерөнхийлөгч, улс төрийн хутган үймүүлэгч Халтмаагийн Баттулга

2021/04/12

Монголчуудын “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг яасан үнэн үг вэ. Монгол төрийн тэргүүн бол үндсэндээ  Монгол Улсын эзэн хаан билээ. Төрийн тэргүүн нь улс орныхоо эрх ашгийг дээдлэхгүй  бол улс орон хэрхэн яаж өөдлөхсөн билээ.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбатаасаа эхлээд өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүртэл жинхэнэ эх оронч сэтгэлтэй  хүнийг Монголын ард түмэн  төрийн тэргүүнээрээ сонгож чадалгүй гучин жил болжээ. Нэн ялангуяа Монгол Улсын сүүлийн хоёр Ерөнхийлөгчийн үед  улс орон маань  төргүй  юм шиг болчихоод байгаа нь нэгэнт нууц биш.

Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр бол Монгол Улс зах зээлийн замыг сонгосон 1990-ээд оноос хойш салаагүй ёстой бөөр зүрхээрээ холбогдсон хоёр. Байгуулсан гавьяа зүтгэл гэхээсээ балласан барцад, гай гамшиг нь замаа алдсан хүмүүс гэдгийг Монголын ард түмэн мэдэх цаг болсон. Оготно хүртэл муурыг аврагч багшаа болгочихоод ганц ганцаар нь барьж идсээр байгааг эцэстээ мэдээд “Муур багшаасаа салсан” тухай үлгэр байдаг биз дээ. Одоо болно доо. Аливаа юм эцэс төгсгөлтэй. Авч идэхийн донтой Ц.Элбэгдоржид монгол төрийн хууль, шүүх халдаж чаддаггүйн учир шалтгаан одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай салшгүй холбоотой гэх хэл ам хэрүүл маргаан байнга л гарч байна. Ц.Элбэгдоржоос эхлэлтэй хонгилын шүүх нь улам ч аймшигтай бэхжиж, Монгол  Улсын аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын эрхэлдэг ажил болчихсон юм шиг мэдээ, мэдээлэл өдөр бүхэн шахам энгийн ард олныг айдастай тулгаруулж  байна. 

Ц.Элбэгдоржийн үед өөрсдийн занаанд орсон хүмүүсийг зохион байгуулалттай хэлмэгдүүлдэг хонгилийн гэх шүүгчид нь дараагийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хайр ивээлд багтсан ажээ.  Тиймээс ч   хонгилын шүүхээр орж хэлмэгдсэн хүмүүс  цагаадах нь огт үгүй. Цахиагийн Элбэгдорж гэгч Монгол Улсыг цөлмөчихсөн хүн алдарт казиночин болчихоод эх орноосоо дайжиж, тэр их хөрөнгө мөнгөөрөө таван тивийг дамжин тэнүүчилж, таван одтой зочид буудалд тансаглаж явааг яалтай ч билээ. Арслан байгаад уурслаа ч агаар тэнгэрт нисэж яваа нүд ухдаг нүгэлт хэрээг яаж ч чадахгүйн адил Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэм найз Ц.Элбэгдоржийгоо эрэн сурвалжилж, авчирч яллахад яасан ч оролцож чадахгүй болох нь хэн бүхэнд тодорхой. Харин Ц.Элбэгдоржийг нүүрэн дээрээ муу хэлж, шалгуулах ёстой хэмээн хуурамч дүр эсгэж болно.  Гэтэл  Монгол Улсыг хоосолсолж цөлмөсөн гэх Ц.Элбэгдорж  ард түмэн биднийг тэжээх саалийн ганц үнээ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг өөрийн хань хамсаатнуудтайгаа бүлэглэн  өмчлөөд авчихсан байсныг  шүүхийн шийдвэрээр  буцааж авсан гэх боловч яг шүүхийн шийдвэрийг бодит ажил болгоогүй тухай  Шадар сайд олон нийтийн хэрэгслээр мэдээлж байгаа харагдсан.

“ОРОО НЬ ОРООГООРОО ЖОРОО НЬ ЖОРООГООРОО”

Яаж ч бодсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн олон жилийн хамтрагч, өвөр түрүйндээ ороогүй ч өгч авахаараа нэг болсон албан тушаалаа ашиглаж ашиг хонжоо олоход бишгүйдээ л тусалсан тэр Ц.Элбэгдоржийгоо авчирч яллахгүй гэдгийг энэ тухай нь мэддэг олон хүн ярьсаар л байна.

Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болон болтол ивээн тэтгэж тэр өндөр сэнтийд залсан хүн мөнөөс мөн гэх. Ц.Элбэгдорж улсын Ерөнхийлөгч болуут төрийн хөрөнгийг идэж шамшигдуулахад тэрхэн дороо мэргэжин их мөнгөний бараа харуутаа ивээн тэтгэгчдээ хатуухан үг хааяа хэлж байсан нь тэр хоёрыг өөр хоорондоо эв муутай юм шиг харагдуулж байсан удаатай. Монголд МАН”АН-г толгойлогч Ц.Элбэгдорж сэнтийнээсээ буухдаа МАН”АН бүлэглэлээ хэвээр үлдээж  Ерөнхийлөгчид сөрөг намынхаа эрхэм түншээр өөрийгөө хамгаалуулах нь хамгийн ончтой хэмээн үзсэн гэдэг. Тэгээд ч М.Энхболдыг өрсөлдүүлэн ялалт байгуулан өөрийнхөө луйвар дээрмийг хаацайлуулахын тулд ардчилсан намаас сонгуульд өвдөг шороодох  хүнийг сонгох ажлыг маш бодлоготой зохион байгуулсан нь тэр үед төмөр зам барихад зориулагдсан 280 сая ам долларыг зувчуулж эрүүгийн  хэрэгт холбогдоод байсан Х.Баттулгыг оноосон байдаг. Х.Баттулгыг сонгуульд ялагдвал төмөр замтай холбогдсон эрүүгийн  хэргийг нь хэрэгсэхгүй болгох тохироотой байсан гэх яриа одоо болтол яригддаг нь нууц дэлгэгдсэн хэрэг. Бас л давхар мэх л дээ. Аз таарч Х.Баттулга Ерөнхийлөгч болчихдог байлаа ч өөрт нь бас л ашигтай байлгүй яах вэ.

Монгол Улсад хууль  хэрэгжихээ больсон явдал бол Ц.Элбэгдоржийн халааг Х.Баттулга залгуулж аваад үргэлжлүүлж байгаа явдал юм. МАН”АН-гийн төр болоод хонгилын шүүх гэдэг  нь Ц.Элбэгдоржийн 8 жилийн турш чадан ядан  байгуулж, монголчууд бидний эрх ашгийн эсрэг үйлдсэн нүгэлт адал явдал  гэлтэй. Ардчилсан улсад байхын аргагүй энэ нүгэлт үйл явц өнгөц харахад нуувчинд орчихсон тул илрэх нь үгүй далдлагджээ. Тэгэвч даравч далдайж, булавч бултайна гэдэг болсоор. Хонгилын шүүх гэдэг нь Х.Баттулгын үед улам ч амь бөхтэй, нарийн зохион байгуулалттай, хонгилынх нь шүүхийн нууц  зохицуулагчид нь Монгол Улсын Аюулгүйн Зөвлөлд шургалж чадсаны дээр тус зөвлөлд харьяалал бүхий алба хашдаг гэх  бичиг баримтаар өөрийгөө дархалж, түүгээрээ дулдуйдаж бусармаг үйлдэлдээ бусдыг онилж,  хэний хэргийг хэрхэн яллах тухай урьдчилан боловсруулсан төлөвлөгөөтэйгээр асуудлыг шийдвэрлэдэг Б.Баасанцогт  гэх өмгөөлөгч, ял төлөвлөгч, шүүгч нарын хахууль тараагч сангийн даамалтай  болсон нь нэгэнт илэрсэн билээ. Эндээс харахад Ц.Элбэгдоржийн үеийн хонгилын шүүх нь эдүүгээ улам өргөжин шүүгч, өмгөөлөгч, прокурорыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй холбогддог тогтолцоо бүхий сүлжээтэй болж өргөжжээ. Үндсэндээ ҮАБЗ гэгч маань “Хонгилийн шүүхийг хамгаалах аюулгүй байдлын зөвлөл” болчихсон юм биш үү.

Ерөнхийлөгч Х.Баттулга хонгилын шүүхээс гадна хонгилын прокурортой болсон гэдгийг ч хэвлэлээр илчилсээр байна. Тухайлбал, хонгилын шүүхийн холбоочин,  зохион байгуулагч Б.Баасанцогт  Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбаттай уулзаж байгаа зургийг хэвлэл дээр тавьсан нь тэдний хооронд холбоо сүлбээтэйн бас нэгэн баталгаа гэхээс аргагүй.

Ерөнхийлөгчийн зүгээс зардал мөнгийг нь дааж Сү.Батболд гэгчийг гадныхантай холбоотой бизнес хийж үлэмж  орлого олдог гэх мэдээллийг олон нийтэд тарааж шуугиан тарааснаар өөрийнхөө булай булхайг түүгээр халхавчилж өнгөрөх гэсэн мулгуйд арга нь “Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр” гэгчээр хэрүүл маргаанаас үүдэлтэйгээр Ерөнхийлөгч Х.Баттулгын булай булхай улам тод илчлэгдсээр байна. Америк, Английн шүүхэд гадны өндөр үнэтэй өмгөөллийн фирм хөлсөлж  зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд л мөрдөгддөг асуудлыг ямар ч эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад албан тушаалаа урвуулан ашиглаж, прокурор Ц.Насанбат нь АТГ-ын нэрийг ашиглаж, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Баянзүрх дүүргийн шүүх болон гадаадын орны шүүхэд нэхэмжлэл гаргасныг байж болохгүй ноцтой үйлдэл хэмээн шүүмжилсэн байна. Гэтэл прокурор Ц.Насанбат нь Нью-Иоркийн шүүхэд 202 нэр төрлийн  6000 гаруй хуудас элдэв шар мэдээлэл бүхийг гүтгэлэгт материалыг ойролцоо тооцоогоор 10 гаруй тэрбум төгрөгөөр гаднын хуулийн фирм хөлсөлж шалгуулсан ч гүтгэлэг тул гадны шүүх эс тоож, ямар ч шийдэлд хүрээгүй өнгөрчээ.

Прокурор Ц.Насанбат нь Х.Баттулгын нэр холбогдсон Ухаа худгаас Гашуун Сухайт хүртэлх төмөр замын хэрэг буюу 280 сая ам.доллараар хохироосон хоёр солонгосын хэрэг дээр ажиллаж ердөө 40 сая төгрөгөөр торгох  үндэслэл бүхий шийдвэр гаргаж бусдад ял завшуулахын дээр Монгол Улсын эрх ашгийг уландаа гишгэж завхруулсан нэгэн юм. Тэгэвч энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй талаар маргаан гарсаар байна.

ҮАБЗ-д айдастай хоёр хам хэрэгтэн байх агаад Ерөнхийлөгчийн сонгуулиар солигдож  гэмээнэ шоронгийн хаалга татах хоёр хүн байгаа нь дэргэдээ хонгилын шүүхтэй болсон Ерөнхийлөгч Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нар гэх. Харин аврагдах ганц гарц нь Х.Баттулга улиран сонгогдож гэмээнэ ирэх 6 жилд хэрэг төвөг хэл амнаас ангижрах өршөөлт он жилүүд нүүрлэнэ. Үүнийхэээ төлөө ч Х.Баттулга амь тавих нь холгүй тэмцэлдэж байгаа. Үүнийг нь Монгол Улсын төлөө үнэнч ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмж гэж олон нийтэд өргөмжлөн зарлагч хөлснийхөн болоод хань хамсаатнууд нь мундахгүй бий.

Хүнийг ер нь өнгөцөөр харж үнэлэх бус энэ хүн хэн бэ гэдгийг юун түрүүнд мэдэхийн дээр түүнд өөр өөрсдийн байр сууринаас үнэлэлт  дүгнэлт өгч  байх нь чухал болсон цаг үе биш гэж үү? Ц.Элбэгдорж “Шударга байя л даа гэж хашгираад арагшаа савж унах нь холгүй үйл хөдлөл хийж жүжиглэж” байгаад 8 жил Монголын төрөөр тоглосон ч одоо бараа нь ч харагдахгүй алга болжээ. Бодох ёстой юм биш үү. Дахиад энэ алдааг сонгогч түмэн минь давтвал дахин хэзээ ч нөхөж чадахгүйд хүрэх бус уу. Хашир хүн гэж байдаггүй хаширсан хүн гэж байдаг. Хэрэв Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгож гэмээнэ 8 жил ч бус бүр 10 жил хэрхэн яаж жүжиглэхийг үзэх болно.

Одоо ҮАБЗ дээрээ хонгилын шүүхтэй болчихсон, ардчилалын төлөө хамтдаа зүтгэж явсан Ардчилсан намын дарга С.Эрдэнийгээ нэг л өдөр яллагдагч болгож прокурорын тогтоол гаргуулаад, аятайхан байгаарай гэж айлгах дүр үзүүлж түүнийг нь хэрэгсэхгүй болгосноо үгэнд орохгүй бол үүнийг үз гэж дээд суудлынх нь прокуророор дахин эрүүгийн хэргийн яллагдагчаар татаж, ардчилсан намаа хоёр хувааж, хоёр ч даргатай болгох ажлыг удирдан зохион байгуулаад яваа хүн Монгол Улсаа, нийт ард түмнээ өөр хооронд нь шөргөлдүүлэхгүй удирдаад явна гэж итгэхэд хэцүү юм биш үү?.

Хуулийг эрхэмлэн дээдлэх үүрэг зорилготой  улсын Ерөнхийлөгч өрөөндөө прокуроруудыг дуудан ирүүлж хэнд ямар ял оноох тухай үүрэгддэг гэх хэл аманд өртөөд яваа хүн  энэ алдаагаа хэрхэн яаж засах вэ?  

Х.Баттулга дахин сонгогдвол Монгол Улсынхаа төлөө зүтгэх юм байж гэж итгэл хүлээлгэх гээд үзье л дээ. Тэгтэл эдийн засагч Л.Наранбаатар  Х.Баттулгатай холбоотой улсад асар их хэмжээний хохирол учруулсан “Төмөр зам”-ын  гэх 280 сая ам.долларын асуудалтай эрүүгийн хэргийг нь сэргээлгэхээр АТГ-т уг материалыг шилжүүлж байна. Тэр төмөр замын гэх эрүүгийн хэргийг сэргээлгэх яах вэ? Ял зэмийн асуудал яригддаг юм байгаа биз. Хамгийн гол нь “Төмөр зам“ баригдаагүйгээс  Монгол Улсад 10 тэрбум ам.долларын хохирол гарсныг тооцоолоод байгааг харахад улс эх орноо ингэж хохироож байгаа хүнийг дахин Ерөнхийлөгч болгох гэж улангасаад байгаа нөхдийг гайхаад барамгүй. Арван тэрбум ам.доллар шүү дээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга  улсад 10 тэрбум ам.долларын хохирол тооцуулсан өнөөх төмөр замынхаа бүтээн байгуулалтыг  ниргэсэн хойно хашгир гэгчээр Ерөнхийлөгчийнхөө хугацааг дуусахыг дөхүүлж байгаад эхлүүлсэн. Гэхдээ өөрийн дотны нөхөр “Голомт” банкны захирал Д.Баясгалангаар санхүүжүүлэхээр болгож уг бүтээн байгуулалтыг улсын нууцад хамруулсанаар хөндлөнгийн ямар ч шахалт шалгалтгүй болгож, төмөр замын бүтээн байгуулалтын өртгийг хэд дахин нэмэгдүүлсэн нь  улсад хохиролтой үйл ажил болохоос гадна  Д.Баясгалан гэгчийг Монголын долларын тэрбумтан болгохоор харилцан зохицсон хуйвалдааан  гэж шүүмжилсэн байхыг ч олж уншлаа.

Өнгөрснийг сөхөхөөс түрүүтэй өнөөдрийн хэрэг явдлыг сонирхож гэмээнэ  улс төрийн хэл ам хэрүүл маргаан тасрах  янз алга. Улсын Ерөнхийлөгч хүн улаан луйварчин хоёрын хооронд нэг их ялгаагүй ч юм шиг гайхал төрүүлсэн мэдээ салахаа байлаа. Саяхан ТV-4 телевизээр Ерөнхийлөгч Х.Баттулгын 10 шинэ оффшор компани илчлэгдэж  хойд хилээр хулгайгаар оруулж ирсэн 25 сая ам. долларын хэрэг олон нийтийг цочирдууллаа. Тэгэхдээ энэ нь нэртэй, устай, өдөр сартай бодит мэдээлэл шүү.

Үйл явдал хаврын синдромтой зэрэгцэн их л өрнөж байгаа харагдана. Х.Баттулгатай холбоотой төмөр замын хэргээс 10 тэрбум ам.доллар олох боломжоо алдсан гэж Л.Наранбаатар мэдээлсэн гэж би дээр бичсэн. Ийм их хохирол “Оюу толгойн гэрээ”-тэй холбоотой асуудлаас өөрийг сонсож байгаагүй юм байна. Тэгвэл тэр их хохирлыг нялзааж яригдах хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа нь үнэхээр харамсмаар.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш