МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.
- Цэцэд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцээгүй байна гэсэн мэдээллийг Та хүргүүлсэн. Яг ямар зохицуулалт Үндсэн хууль зөрчив?
Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан болон ажиллаж байгаа иргэн Ерөнхийлөгчид дахин нэр дэвших, дахин сонгогдохыг 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бүрэн хориглосон ч энэ талаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай 2020 оны хуульд тодорхой заагаагүйгээс энэ шаардлага зөрчигдөх нөхцөл үүссэн. Ерөнхийлөгчид дахин нэр дэвших, дахин сонгохыг хориглоогүй эс үйлдэхүй нь Үндсэн хууль зөрчсөн тул ийм мэдээллийг Цэцэд өгсөн юм. Нэгэнт мэдээллийн шаардлага, үндэслэлээ бичээд өгчихсөн учраас Цэц ном журмаараа шийдвэрлэгдэнэ гэж хоёр сар гаруй харж байна. Гэвч энэ хугацаанд, ялангуяа ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон иргэн дахин нэр дэвших, сонгогдох боломжтой мэтээр маш их ярьж, зарим талаар одоогийн Ерөнхийлөгчийн болон түүний төлөөний хүмүүсээс Цэцэд зүй бусаар нөлөөлөх, шахалт үзүүлэх оролдлого ажиглагдаж байна.
- Үндсэн хуульд заасан боловч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй заалтын талаар тодруулаач?
2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 30.2-т Ерөнхийлөгчөөр зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно гэж тодорхой заасан. Гэтэл энэ зохицуулалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй нь Үндсэн хуулийн 30.2-ыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан аливаа иргэн, одоо ажиллаж байгаа, ажиллаж байсан гэдгээс үл хамаараад дахин нэр дэвших, сонгогдохгүй гэх агуулга заавал хуульчлагдах ёстой. Үүнийг орхигдуулсан нь, энэ эс үйлдэхүй нь Үндсэн хуулийн зөрчил болж байгаа юм. Энийг засаж хуульчлахгүй бол Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан иргэн “зөвхөн нэг удаа”-гаас илүү буюу дахин сонгогдож Үндсэн хуулийн 30.2 зөрчигдөнө.
- Тэгэхээр Үндсэн хуулиараа одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй юм байна, тийм үү?
Тийм. Ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллаж байсан эсхүл одоо ажиллаж байгаа иргэн Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй. Учир нь, энэ хүмүүс аль хэдийнэ Ерөнхийлөгчөөр ажиллачихсан учраас зөвхөн нэг удаа ажиллана гэдэг шаардлагыг хангахгүй. Хуулийг, Үндсэн хуулийг тайлбарлах аргууд гэж бий. Монголд ч, Европт ч Үндсэн хуулийг хэлзүй, логик, зорилгоор нь, мөн түүхчлэн, системчлэн тайлбарлах нь элбэг. Энэ аргуудын алийг нь ч хэрэглэж Үндсэн хуулийг уншсан Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүн дахин нэр дэвших, сонгогдох боломжгүй. Дээрх таван аргаар Үндсэн хуулийг хэрхэн, яаж тайлбарласан болохыг товчхон хэлье.
Нэгдүгээрх арга бол Үндсэн хуульд яг ямар үг үсэг байна вэ, үгийнх нь шууд утга юу юм бэ, яаж бичигдсэн юм бэ гэдгийг хардаг. Энэхүү хэл зүйн арга манай Цэцийн олон шийдвэр дээр хэрэглэгдэж ирсэн л дээ. 1992 онд баталсан Үндсэн хуулийн 30.2-т Ерөнхийлөгчөөр 40 нас хүрсэн сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж тусгасан байсан. Харин 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэн нэр дэвшинэ гэж зааж, насны босгыг өсгөсөн. Мөн Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар сонгож, нэг удаа улираан сонгох боломжтой байсныг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилсөн. Тодруулбал, ямар ч маргаангүйгээр “зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгогдоно” гэж тодорхой бичигдсэн. Үүний үгийн шууд утга нь нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дахихгүй ээ л гэсэн санаа шүү дээ. Энэ өөрчлөлтийг Үндсэн хуулийн 30.2-т оруулаад зогсохгүй “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэх 31.7 дахь хэсгийг 2019 онд хүчингүй болгосон. Дүгнээд хэлбэл, Ерөнхийлөгчөөр хамгийн ихдээ зургаан жилээр зөвхөн нэг удаа ажиллана, улирч дахин сонгогдохгүй ээ гэсэн үг.
Хоёрдугаарт логикийн аргаар Үндсэн хуулийг тайлбарладаг. Ямар тайлбар нь логикийн хувьд илүү утгатай вэ гэдгээр нь утгажуулна гэсэн үг. 2021 онд батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгч 50 нас хүрсэн байх шаардлагыг бичсэн. Гэвч мөн адил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгох заалтыг тусгаагүй орхисон. Ерөнхийлөгчид тавих шаардлагад хоёр төрлийн нөхцөл өөрчлөгдчихөөд байхад нэгийг нь хангана, нөгөөг нь хангахгүй гэдэг нь логикийн хувьд зөрчилтэй, зөвтгөгдөхөд хэцүү. 50 нас хүрээгүй иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүйтэй адилхан Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан иргэн дахин сонгогдох боломжгүй.
Гуравдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тайлбарлахдаа тухайн хэм хэмжээний зорилго нь юу юм бэ гэдгийг судалж утга санааг нь гаргаж ирдэг. Тодруулбал, яагаад Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр улирч сонгогддог байсныг болиод зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгох нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах болов гэдэг зорилгыг харах.
- Тэр зорилго нь юу байв?
УИХ-ын гишүүдийн ажлын хэсэг, эрдэмтэн судлаачдын ажлын дэд хэсэг дээр үүний цаана ямар зорилгыг ойлгож байсан бэ гэдгийг хэлье л дээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дахин сонгогдохын тулд өөрт байгаа эрх мэдэл, давуу байдал, нөөцийг урвуулан ашигладаг, улс төрийн талцал үүсгэдэг, оролцдог байсан. Өөрийнхөө анх нэр дэвшсэн намаас дахин нэр дэвшихийн тулд хэт улстөржсөн байдлаар нэг талыг барьж ажилласан тохиолдол гарч байсан. Эсвэл дахин нэр дэвшихийн тулд өөрийн намынхаа дотоод асуудал руу хутгалдан ордог, үүрэг даалгавар өгч, нөлөөллөө тогтоохын төлөө Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ашигладаг. Бүр өөртэй нь өрсөлдөж магадлалтай хүмүүсийг авлигын хэрэгт холбогдуулах, шийтгэхийг оролддог, үүндээ өөрийн санал болгосон АТГ-ын дарга, өөрийн томилсон Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий шүүгчид зүй бусаар нөлөөлдөг гэх хардлага ч байдаг. Дахин сонгогдохын тулд Үндсэн хуульд заасан эрх мэдлээ хэт өргөжүүлэн урвуулан ашигласан төдийгүй Ерөнхийлөгчийн шууд болон шууд бус оролцоотойгоор Үндсэн хуулиас гадуурх эрх мэдлийг төвлөрүүлсэн. Энэ мэтээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа бусад нэр дэвшигчдээс давуу байдлыг өөртөө олж авч, тэгш бус өрсөлдөөнийг бий болгож байсан. Том зургаараа энэ нь эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулж байсан. Дахин сонгогдох явцуу сонирхлоороо улс төрийн зорилгоор эрх мэдлээ урвуулан ашигладаг байдал нь Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг төрийн тэргүүн байх Үндсэн хуулийн байр суурийг алдагдуулж байв. Үүнийг таслан зогсоож, Ерөнхийлөгчийг улс төрийн хүчнүүдийн зөвшилцлийг хангах арбитрч маягаар ажилладаг, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч болгохын тулд арай жаахан урт хугацаагаар буюу зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгож, дахин сонгогдохыг хориглох өөрчлөлтийг өмнөх УИХ хийсэн нь зөв алхам болсон.
- Одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхгүйн тулд ийм зохицуулалт хийлээ гэж яриад байгаа хүмүүс саяын тайлбарыг харах хэрэгтэй байх нь ээ?
Ганц энэ хүнд зориулж энэ зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан хэрэг биш. Өмнөх Ерөнхийлөгчдийн үед гарч байсан сургамжууд дээр үндэслэж хийсэн зохицуулалт юм. 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан энэ төсөлд одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших эрхийг нь хаагаагүй байсан гэсэн үг. Гэтэл Ерөнхийлөгчийн өөрийнх нь ахалсан Зөвшилцлийн ажлын хэсгийн хүрээнд шийдсэнээр, ялангуяа түүнийг төлөөлж ажиллаж байсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын дэмжсэнээр зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно гэдэг заалтыг бусад нэмэлт, өөрчлөлтийн хамт 2020 оны тавдугаар сарын 25-аас дагаж мөрдөхөөр болсон.
Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно гэсэн Үндсэн хуулийн 30.2 дахь заалтын үзэл баримтлал нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон аливаа иргэнийг Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэхгүй, сонгохгүй гэдэг л агуулгатай байсан. Энэ агуулга нь огт өөрчлөгдөөгүй хэвээрээ батлагдсан бөгөөд үйлчлэх хугацаа нь наашилсан учраас энэ заалт үйлчлээд эхэлсэн л гэсэн үг. Энэ бол түүхчилсэн тайлбараар гарч буй дүгнэлт. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах явцад болсон үйл явдал, хуулийн төслийг боловсруулсан, баталсан үйл явц, хэлэлцүүлгийн дүн зэргийг нь нэгтгэн дүгнэдэг тайлбарын арга юм.
- Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүн дахин нэр дэвших, сонгогдох боломжтой юу?
Системчилсэн тайлбараар бас л дахих боломжгүй гэсэн дүгнэлт гардаг. Үндсэн хууль гэдэг өөрөө систем. Манай Үндсэн хуулийн системийн гол тулгуур нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал юм. Төрийн эрх мэдлийг аль нэг этгээдэд төвлөрүүлэх бус, харин хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гэсэн салаа мөчирт хуваарилах, тэдгээрийн хяналт тэнцлийг хангах нь Үндсэн хуулийн мөн чанарыг илэрхийлж байгаа хамгийн гол зарчмын нэг. Тийм учраас үүнийг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд багтаадаг. 1992 оны Үндсэн хуулийн 30.2, 31.7-оор Ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаагаар сонгогдох, зөвхөн нэг удаа улиран сонгогдохоор заасан нь учиртай. Нэг хүн хэт удаан хугацаанд энэ албан тушаал дээр байвал эрх мэдлийг төвлөрүүлж, урвуулан ашиглаж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлөх, дарангуй дэглэм рүү шилжих хандлагатай тул бүрэн эрхийн хугацаа, дахин сонгогдох боломжийг хязгаарлах хэрэгцээ байсан. Тэгэхээр Ерөнхийлөгчөөр дээд тал нь найман жилээр илүүгүй хугацаагаар ажилладаг 1992 оны Үндсэн хуулийн хязгаарлалт нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийг хангахад чиглэж байсан. Гэхдээ Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд эрх мэдлийг төвлөрүүлдэг, урвуулан ашигладаг байдал гарч байсныг хумих зорилгоор 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч зургаан жилээр зөвхөн нэг удаа ажиллах, дахин сонгогдохыг нь бүрэн хориглосон гэдгийг түрүүн тайлбарласан. Хэрэв энэ нэмэлт, өөрчлөлтийг үл тоож Ерөнхийлөгч байсан эсхүл байгаа хүн дахин Ерөнхийлөгчөөр сонгогдож болно гэж үзвэл Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бүх хүн дахин нэр дэвших болчих нь. Хэрвээ нэг удаа сонгогдсон Ерөнхийлөгч дахин нэр дэвшихээр болчихвол хоёр удаа сонгогдсон өмнөх Ерөнхийлөгч нар яагаад дахин нэр дэвшиж болохгүй вэ гэхэд үгүй гэхэд хэцүү. Тэгэхээр дахин сонгогдвол нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн нийтдээ 10 жил, хоёр удаа сонгогдсон хүн 14 жилийн турш Ерөнхийлөгчөөр ажиллах болчихоод байгаа юм. Гэтэл 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалаар Ерөнхийлөгчийг найман жилээс илүү хугацаагаар ажиллахыг зөвшөөрөөгүй. Хэрэв нэг хүн 10 эсхүл 14 жилээр Ерөнхийлөгчөөр ажиллавал найман жилээс илүүгүй ажиллах энэ суурь үзэл баримтлал зөрчигдөнө. Дээрээс нь, Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах, хууль тогтоомжид хориг тавих, шүүгч, Ерөнхий прокурорыг томилох, Цэцийн гурван гишүүнийг санал болгох зэрэг маш их эрх мэдэлтэй. Парламентын засаглалтай бусад улсад байдгаас илүү эрх мэдэлтэй. Ийм их эрх мэдлээ өргөжүүлж урвуулан ашиглах гээд байдаг тул 10, 14 жилийн турш ажиллавал хяналт, тэнцэл алдагдаж Үндсэн хуульд байгуулалд эрсдэл үүснэ.
- Одоогийн Ерөнхийлөгч зургаан жилээр дахин нэг удаа сонгогдох боломжгүй болсонтой холбоотойгоор сонгогдох эрхийг нь зөрчлөө, эрхзүйн байдлыг нь дордууллаа гэж байгаа. Үүнд та юу хэлэх вэ?
Юуны өмнө эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчим зөвхөн Эрүүгийн эрх зүйд хатуу хэрэглэгддэг, харин Үндсэн хуулийн болон бусад салбар эрх зүйд үүнийг хатуу барьдаггүй. ХБНГУ, АНУ зэрэгт ийм л байдаг. Мөн, Үндсэн хуульд ороод дагаж мөрдөж эхэлчихсэн заалтыг дараа нь үүссэн харилцаанд хэрэглэхгүй байна гэдэг өөрөө утгагүй. Ерөнхийлөгчийг дахин сонгогдох дээр хязгаарлалт тавьдаг, эсвэл бүхэлд нь хориглодог байдал ардчилсан улсуудад засаглалын хэлбэрээс үл хамааран маш түгээмэл байдаг. Энэ нь дарангуйлагч төрүүлэхгүй байх, хяналт, тэнцлийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх зорилгод үйлчлэх зүй ёсны хязгаарлалт учраас сонгох, сонгогдох эрхийн зөрчил болдоггүй. Мөн дахин сонгогдохыг зорьж буй хүн аль хэдийнэ сонгогдох эрхээ нэг удаа эдэлчихсэн учраас түүний сонгогдох эрхийг зөрчсөнд тооцогддоггүй, бүх хүнд адил үйлчлэх учраас ялгаварлан гадуурхал ч гэж үздэггүй. Мөн иргэдийн сонгох эрх ч зөрчигдөхгүй. Учир нь дахин сонгогдохыг хязгаарлах нь ардчиллыг өөрийг нь хамгаалж, улмаар иргэдийн сонгох эрх төдийгүй улс төрийн үйл хэрэгт оролцох эрхийг баталгаажуулах, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлд заасны дагуу сонгуулийг жинхэнэ ёсоор нь тогтмол явуулдаг байхад тусалдаг. Энэ зорилгоор ард түмэн өөрсдөө буюу өөрсдийн элч болох парламентаас өндөр босгоор баталсан Үндсэн хуулийн дагуу дахин сонгохыг хязгаарлаж буй учраас сонгох эрхийн зөрчил биш.