logo
Газрын ойр, гайны бага дээр зогсоосон нь дээр

Газрын ойр, гайны бага дээр зогсоосон нь дээр

2021/04/17

Эмүжин

Баттулгын нэг л юм надад таалагддаг, түүнийгээ ч шууд хэлчихье

Өө зүгээр шуудхан хэлчихье. Өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн хуралдаан Монголын ардчилалд амьсгаа авах боломж олголоо. Энэ намын үед хийгдсэн дэвшилтэт, чөлөөт алхмууд өдгөө ч ард түмний амьдралд өгөөжөө өгсөөр байдаг. Төрийн үйлчилгээг цахимжуулах, монголчуудын визгүй зорчдог гадаад орны тоог нэмэгдүүлэх гэхчлэн ардчилсан улсад байх ёстой алхмуудыг АН зориг, зүтгэл гарган хийсэн байдаг юм шүү. Гэтэл дэмжье гэхнээ лидер байтугай лойдоргүй, одоо бүр хоёр хуваагдаад орох оронгүй тэнэж явна.

Н.Алтанхуяг нүүрсний хулгайч, Лу.Гантөмөр мүүнчин, Х.Тэмүүжин хүчиндэгч, Монгол Улсын үдэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг боловсруулсан М.Батчимэг агсан Хятадын тагнуул, С.Эрдэнэ даатгал залгигч, С.Баярцогт оффшорчин, М.Энхсайхан хоёр жийпний хэрэгтэн, Д.Эрдэнэбат гэрээ зувчуулагч…за ингээд тоочоод байвал АН-д олигтой хүн үгүй. Одоо бүр эрх чөлөөтэй үлдсэн эрэмгий нэгэн ч удирдах төвшинд нь байхгүй. Тэгтлээ дор орчихсон нам юм уу, үгүй. Харин ч үгүй шүү. Ц.Элбэгдоржийн төрөлх намаа эргэж ноцдог араншинг Баттулга хэд нугалж, хэтэрхий увайгүй хуулбарлан дуурайсан. Өөртэй нь 2021 онд өрсөлдөж магадгүй өнгөтэй өөдтэй, сэтгэдэг, урагшилдаг бүх хүнийг Х.Баттулга хорьж, Монголын шоронгуудыг төржүүлсэн. Энэ үнэн. Эргүүлээд Монголын төрийг шоронжуулсан. Цогногч Баасанцогтоос улбаалаад, З.Энхболдоор удаалаад өөрийн гэсэн хонгилыг төрд бий болгож, улс төр, бизнесийнхнийг нэг нэгээр нь залгиж эхэлсэн. Энэ ч бас үнэн. Түүний үйлдлүүд Туркийн Эрдагоныг өөрийн эрхгүй санагдуулдаг. Үндсэн хууль хэлэлцэж байх явцад хоёр ч удаа Ерөнхийлөгчийн засаглалын талаар бүх нийтийн санал асуулга руу түлхэх замаар төрийг хувьчлан авах гэж санаархсан.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд жил алгасахгүй очсон хэрнээ Монголын тусгаар тогтнолыг бүрэн хамгаалж, бүтэн үлдээсэн НҮБ-ын хуралд Ерөнхийлөгчийн хувьд ганц ч оролцоогүй. Өвгөн удирдагч Ю.Цэдэнбал НҮБ-д улсаа бүртгүүлчихээд өмөлзөн уйлж байсан тэр нулимс Х.Баттулгын үед хатах дөхсөн юм шүү. Бизнес эрхэлж байхдаа 17 чингэлэг спиртийн хэрэгт орооцолдож, түүнээсээ ганцхан шөнийн дотор цэвэрхээн мултарч, илрүүлсэн байцаагчийг нь ажилгүй болгож байсан энэ хүн шүүх прокурорынхны тусламжтайгаар өөрийнхөө хувийн хонгилыг жилээс жилд ухаж тэгшилсээр, эцэстээ Нийслэлийн прокурорын шийдвэр Х.Баттулгын туслахаар дамждаг болох хүртэл өрөөндөө түгжиж, өвөртөө дөхүүлсэн. Ямартаа С.Эрдэнэтэй АН-ыг прокурорын шийдвэрээр наймаалцах гэж арчаагаа алдаж байдаг юм.

Эрдэнэ хэдий новш байж болох ч АН-ыг өдий хүртэл Баттулгын дугуйны нөхөөс болгочихолгүй тэслээ. Төрийг ингэж шоронжуулахгүй, татвар төлдөг бизнесийнхнийг ч ингэж бэлчээрт нь ногтлоод, чөдөрт нь холгуулахгүй ээ. Одоо тэгээд хар даа, МCS, АПУ-гаас эхлээд үндэсний томоохон компаниуд Баттулгад бизнесээ дээрэмдүүлэхгүйн тулд гадныханд 30 хүртэлх хувиа зарж, олон улсын шүүхийн хамгаалалтанд орлоо. Улсаа хэд хуваалаа. Асуудал болгоныг алалцаан, бэрхшээл болгоныг талцал, маргаан болгоныг хуваагдал болгож, сэтгэдэг болгоныг урвагчаар цоллож, тэргүүлдэг болгоныг шаварт хутгалаа. Одоо Сү гэдэг дайсан босгож ирсэн, түүнтэйгээ хоёулаа оффшорчин.

Эцэст нь энэ ард түмэнд итгэл, бахархал…аль аль нь үлдэхгүй болтол PR-ын хамгийн хар технологийг оруулж ирж нутагшууллаа. Улс орон минь үнэ цэнэгүй болох тусам Баттулга өөрөө ардын баатрын дүрд аймшиггүй тоглосон. Баттулгыг нүдээ аниад дэмждэг нь хүн, бусад нь урвагч гэсэн хоёр ангилалд, хоёр армид эх орноо хуваасан, одоо хоёр талаасаа дайтах л дутуу байгаа. Хүсээд байсан Тавантолгойдоо эзэн сууж, бүх орлого нь одоо түүний төмөр зам руу, түүний хэтэвч Голомт Баясгалан руу хяналтгүй урсдаг болсон.

Олон түмний сэтгэхүйг мөнгөөр таглаж, халамжаар бөглөж, үндэсний үзлийн айдсаар хүлсэн. Айж, ядуурч, аргагүйдсэн ард түмэн дарангуйлагчийг хүсэмжилдэг яг тэр зам дээр, яг тэр нугачаан дээр бид одоо явж байна. Ганцхан ухасхийгээд Монголын Эрдагон, Уга Чавес болно, дахиад ганцхан ухасхийхэд эх оронгүй Баттулга. Хөрөнгө оруулагчид зугтаж, бэлэн мөнгө тараасаар улс дампуурахын цагт өлсгөлөн түмэн эргээд дарангуйлагч руугаа дайрдаг юм даа. Одоо ингээд газрын ойр, гайны бага дээр зогссон нь дээр.

Өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн хуралдаан харин Монголын ардчилалд амьсгаа авч, толгой өндийлгөх боломж олголоо. Тэгээд юу гээч, уул ус, эзэн Чингис, Со хүүхэн, бөө хэнгэрэг, хас хос тэмдэг, машин, цэцэгний зурагтай троллууд нь орж ирээд дайр даа. Эзэн хаан Эрдагоныг шүүмжилсэн сэтгүүлчийг гудамжинд гаргаад зоддог болсон шүү дээ, Турк. Сошиалаар нүдээд, болж өгвөл цаазаар ав гээд хашгир, тэгээд яаж эвдэрч, хэрхэн хуваагдчихаад байгаагаа харж ав. За алив, АН-д бичлэг, хувийн амьдрал, ор хөнжлийн явдал, өгөө аваагаар энэ хүнд бөлдөгдүүлээгүй хүн байвал намаа нэгтгэж байгаад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүл дээ, дэмжээд өгөх, дэмнээд өргөх хүн олон байгаа шүү.

Баттулгын нэг л юм надад таалагддаг. Тэр нь юу гээч? Улсаас хэдхэн зоосоор хувьчилж авсан “Талх чихэр” компанийнх нь “Бородино” талх. “Атар”, “Бородино” хоёрыг бүтээсэн хүнсний технологичид харин мэхийе.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш