logo
Apple, Google компаниуд COVID-19 ERSDEL апп ашиглах зааврыг өнөөдөр иргэн бүрт илгээнэ

Apple, Google компаниуд COVID-19 ERSDEL апп ашиглах зааврыг өнөөдөр иргэн бүрт илгээнэ

2021/04/19

Өнөөдөр буюу 04 дүгээр сарын 19-ний өглөө Монгол Улсын иргэн бүрийн ухаалаг гар утсанд Google болон Apple компаниас мэдэгдэл очих болно. Үүнийг та цочирдолгүй хүлээн авч, зааврын дагуу COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгаарай.

Дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж, коронавируст халдвартай тэмцэж байгаа бөгөөд Монгол Улсын Онцгой комиссоос монгол болон англи хэл дээр COVID-19 ERSDEL нэрээр монголчуудад ашиглах боломжийг  “E-Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүллээ.

COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандах судалгааны ажлыг нь хялбарчлах зориулалттай.

Хэрвээ та iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.

Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

COVID-19 ERSDEL СИСТЕМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Коронавируст халдварын шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийн гар утсанд Улсын Онцгой комиссын мэдээллийн нэгдсэн систем болох www.eruul.gerege.mn -с найман оронтой тоо бүхий нэг удаагийн баталгаажуулах код мессежеер ирнэ. Тухайн мессеж шинжилгээний хариу гарснаас хойш 4 цагийн дотор халдвар авсан иргэний гар утсанд илгээгдэнэ.

Мессежээр ирсэн найман оронтой тоо бүхий баталгаажуулах кодоо COVID-19 ERSDEL системд та 24 цагийн дотор хуваалцаж, өөрт ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх болно. Энэ үед таны хувийн болон байршлын талаарх мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай.

Энэхүү 8 оронтой тоо бүхий баталгаажуулах кодыг бусадтай хуваалцсанаар Ковид-19 вирусийн тархалтыг бууруулах, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ цар тахлаас хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.

COVID-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ?

  • Энэхүү систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх ёстой. Bluetooth нь асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
  • Энэхүү систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
  • Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
  • Дата унахгүй
  • Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш