logo
Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болсонд АН-ынхны дийлэнхи нь баяртай байна

Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болсонд АН-ынхны дийлэнхи нь баяртай байна

2021/04/19
Өнгөрсөн Баасан гарагт Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн билээ.Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.
Ингэснээр Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй болж байна гэсэн үг.
Үүнтэй холбоотойгоор улс төрийн амьдралд ч ихээхэн хөдөлгөөн орж байна.Тодруулбал нэгэнт Х.Баттулга хуулийн дагуу боломжгүй болсон тул АН-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг яриа идэвхтэй өрнөж эхэлжээ. Одоогийн байдлаар УИХ-ын дарга асан З.Энхболд, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нарын нэрс идэвхтэй яригдаж буй аж.
 
Үүнээс гадна ер нь Х.Баттулгын өнгөрсөн 4 жилийн хугацаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн шинжтэй яриа АН-ын  лидерүүд, гишүүдийн дунд өрнөж буй агаад тэдний дийлэнхи нь л Ерөнхийлөгчийн өнгөрсөн 4 жилийн үйл ажиллагаа хүлээлтэнд хүрээгүй, ард түмэн гэхээ байг гэхэд өөрийн Ардчилсан Намдаа ч ивээл муутай байлаа гэсэн агуулгатай байгаа нь нууц биш болжээ.
 
Хамгийн сонирхолтой нь О.Цогтгэрэлийн, М.Тулгатын хэмээн хоёр хуваагдсан АН-ын удирдлагууд ч ер нь  явж явж зөв шийдвэр гарчихлаа,  хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга дахиад нэр дэвшсэн бол хамгийн багадаа АН-ын гишүүдийн маань тал нь бараг эсрэг санал өгөх байсан, учир нь Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал тэргүүтэй либерал, барууны үзэлтнүүдийн суурь яг нам дотроо хүчтэй гэсэн байна.
 
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны хамгийн чухал функци буюу АН-ын сонгуулийн төв штаб, АН-ын удирдлагууд өнгөрсөн Баасан гарагт сlubhouse-т өрнөсөн ярианы үеэр: " Маш зөв шийдвэр гарлаа. Иргэний эр зориг гаргасан Т.Доржханд, Т.Үүрцайх нарт баярлалаа. Миний хувьд 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын багт ажиллаж байсан нь үнэн. Сонгуулийн ялалтын дараа Х.Баттулга хамтран ажилласан хүмүүсээсээ за юу хүсмээр байна гэж асуусан. Энэ үед нь би хэлмэгдүүлэлтийг л үгүй хийгээрэй, улс төрийн өрсөлдөгчдөө шоронд хийдэг явдлыг л эцэс болгомоор байна гэсэн. Тэгэхэд Х.Баттулга : "Тэгэлгүй яахав, ах нь ч гэсэн шүүх цагдаагаар явж байгаад сонгуульд нэр дэвшсэн" гэж хариулсан. Харамсалтай нь нөгөө л өшөө авалтыг үргэлжлүүлсэн, лав л миний мэдэж байгаагаар Ерөнхий Сайд асан М.Энхсайханыг цэвэр зохиомол хэргээр хорьж, хэлмэгдүүлсэн. Мөн цаазын ялыг сэргээх чиглэлээр ажилласан, энэ нь Европын Холбооны төлөөлөгчийн Газрыг Монголоос гаргах үр дагавартай үйлдэл байсан. Монгол Улсын ардчиллын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлогод халтай ийм үйлдэл хийсэн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болсонд баяртай байна" хэмээсэн юм.
 
Ч.Явуухүү
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш