Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж Улсын Дээд шүүхэд хүргүүлснийхээ дараа удалгүй ЗХЖШ-д очсон байна.
Ерөнхийлөгчийг угтаж авах бэлтгэл хангагдаагүй байхад шууд очсон бөгөөд ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг болон тус штабын орлогч, зарим газрын дарга нартай уулзсан байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын ЗХЖШ-ын удирдлагуудтай хийсэн уулзалт 30 орчим минут үргэлжлээд тэрээр тус газраас гарч явсан байна. Харин уулзалтын үеэр тэд юу ярьсан, Ерөнхийлөгч Х.Баттулга ямар зорилгоор ЗХЖШ-д очсон нь тодорхойгүй байгаа юм.
Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний мэдэгдлийг үзэв үү, Онц байдал зарлахад бэлэн үү” гэж асуусан байж болзошгүй.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штабд очсон. Энэ бол сэтгэл сэрд хийлгэм мэдээлэл мөн. Иймд нийт иргэд, улс төрийн намуудыг Үндэсний аюулгүй байдлынхаа талд зогсохыг уриалж байна” гэсэн юм.
Мөн МАН-аас мэдэгдэл гаргасан бөгөөд мэдэгдэлдээ…
“Аливаа улс төрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн гэмт үйлдлийн эсрэг нэгдэхийг улстөрийн бусад намуудад уриалж байна” гэжээ.
Иймд Ерөнхийлөгч Х.Баттулгад импичмент үзүүлж, хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг хөндөхөөс аргагүйд хүрлээ гэж олон нийт дүгнэж байна. Тэгж байж л түүний төрийн эрх мэдлийг ямар ч аргаар хамаагүй авах гэсэн хувийн санаархлыг нь таслан зогсоож чадах бололтой.
Төрийн өндөр албан тушаалтанг эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг. Импичментийг төрийн өндөр албан тушаалтан төрд тэрсэлсэн, хахууль авсан, хүнд, хөнгөн гэмт хэрэг хийсэн, эрх зүйн бусад зөрчил гаргасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг тохиолдолд хэрэглэдэг. Импичментээр өндөр албан тушаалтнуудыг бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаас өмнө эргүүлэн татаж, огцруулдаг.
Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх эсэхийг Цэц хэлэлцэж, УИХ дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ.
Үндсэн хууль: Гучин тавдугаар зүйлийн 2-т:
Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна гэж заажээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгад импичмент үзүүлж, хугацаанаас нь өмнө огцруулахыг олон нийтийн зүгээс шаардаж эхэллээ. Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн байр суурийг ашиглан Үндсэн хуулийн эсрэг үйл ажилллагаа явуулсан, хүчирхийлэлд уриалж олон нийтийг талцуулсан зэрэг үндэслэлээр хугацаанаас нь огцруулах ёстой гэсэн байр суурийг иргэдээс олноор ирүүлсээр байна.
М.ЭРДЭНЭ