logo
С.Баттулга: Цуцлагдах лицензүүдийг дагаад чанаргүй зээл үүсэх эрсдэл бий

С.Баттулга: Цуцлагдах лицензүүдийг дагаад чанаргүй зээл үүсэх эрсдэл бий

2011/12/05
ЭБЭХЯ-ны Геологийн бодлогын газрын орлогч дарга С.Баттулгатай  ярилцлаа.
-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх үүднээс 242 лиценз цуцлагдах нөхцөл бүрдсэн. Одоо цуцлаад эхэлсэн гэх яриа гарах боллоо?
-Одоогоор ямар ч тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байгаа. Хуулиараа нөхөн олговрыг олгосны дараа цуцлах ёстой. Харин нөхөн олговрыг тооцох зорилгоор эдгээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд нөхөн сэргээлт, уурхайн хаалт, байгаль орчны мониторинг хийхээс бусад  ажлыг зогсоосон. Ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосноор гарч болох үр дагавар, нөхөн олговорт шаардагдах хөрөнгийн хэмжээг сайтар тооцохыг Засгийн Газраас даалгасан. Усны газар болон Ойн газраас ажлын шугамаар ирүүлсэн хилийн заагийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхцуулан үзэж Ашигт малтмалын газар 2010 оны 8-р сарын 12-ны өдөр судалгаа гаргасан.
-Хориглосон газартай давхцалтай талбай хэдэн лицензтэй, хэчнээн талбайг хамарч байна вэ?
-Хуулийн дагуу хориглосон газартай давхцалтай талбай 1782 тусгай зөвшөөрлөөр олгогдсон 18,3 сая га талбайг хамарч нийт хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн 66,3 хувийг эзэлж байв. Давхцал бүхий 1782 лицензийн хуулиар хориглосон талбайтай давхцалтай талбайн хэмжээ нь 3,8 сая га байна.
-Эдгээр лицензийг хэдэн аж ахуйн нэгж эзэмшиж байгаа юм бэ?
-Давхцалтай 1782 тусгай зөвшөөрлийг нийт 890 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа. Тэдний 75,6 хувь буюу 673 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 14,6 хувь буюу 130 нь гадаадын хөрөнгө оруулалттай, 9,8 хувь буюу 87 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна.
-Ихэнх нь алтны ордууд байна уу?
- Ашигт малтмалын төрлөөр нь авч үзвэл ашиглалтын 391 тусгай зөвшөөрлийн 276 нь алтных байгаа. Энэ нь 70,5 хувь нь гэсэн үг. 43 буюу 10,9 хувь нь барилгын материалын, 31 буюу 7,9 нь нүүрсний, үлдсэн 41 буюу 10,7 хувь нь бусад төрлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд байна.
-Хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигчдийн хайгуулын ажлын болоод үйл ажиллагааны зардал, төлсөн татвар нь хэд орчим болж байна вэ?
-Давхацсан нийт 1782 тусгай зөвшөөрлийн 391 нь ашиглалтын, 1391 нь хайгуулынх байгаа юм. Ашигт малт¬малын газрын гаргасан урьдчилсан тооцоогоор хайгуулын 1391 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын ажилд зарцуулсан зардал болон төлсөн татвар нь 315,4 тэрбум төгрөг, ашиглалтын 391 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиглалтын үйл ажиллагаанд зарцуулсан зардал, төлсөн татвар 4,73 их наяд төгрөг болсон. Ингээд нийт 1782 тусгай зөвшөөрөл эзэмшигч нийтдээ 5,15 их наяд төгрөгийн зардал гаргаж татвар төлжээ. Зардал татварыг тооцохдоо 1782 тусгай зөвшөөрлөөр олгогдсон 18,3 сая га талбайн хэмжээнд тооцсон байгаа.
-Ер нь нийт лиценз эзэмигчдийн дий¬лэнх нь банкинд тусгай зөвшөөрлөө тавьж хөрөнгө босгосон байдаг. Тэгэхээр чанаргүй зээлийн тоо эрс өснө гэсэн үг болох нь ээ?
-.Монгол банкнаас энэ оны 10-р сарын 18-ны өдөр банкныхаа салбарын хэмжээнд судалгаа хийсэн байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалан 322,7 тэрбум төгрөгийн зээлийг давхардсан тоогоор 70 зээлдэгчид олгосон байна. Тэд 139 ширхэг тусгай зөвшөөрлийг барьцаанд тавьжээ. Үүнийг дагаад их хэмжээний зээлүүд барьцаагүй болж чанаргүй зээл үүсэх, лизинг болон уул уурхайн хүнд машин механизмын гадаад худалдаатай холбоотой зээлүүдэд ч эрсдэл учирч болзошгүй байгаа.
-Хуулийн дагуу хориглосон газартай давхцалтай бүсэд үйл ажиллагаа явуулдаг хэдэн компанийн хэдэн лиценз барьцаанд байгаа тухай мэдээ байна уу?
-Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсээс хуулийн дагуу урьдчилан тогтоосон ашигт малтмал эрж хайх, хориглосон газартай давхцалтай 94 тусгай зөвшөөрөл банкны барьцаанд байгаа талаар судалгаа гаргасан байгаа. Энэ тусгай зөвшөөрлүүдэд ногдох зээлийн хэмжээг гаргуулахаар Монгол банкинд хандаад одоогоор хамтран ажиллаж байна. Банкныхан зээлдэгчийнхээ хэдэн төгрөг авсан талаарх мэдээллийг өгөх ёсгүй байдаг юм байна. Үүнийг бид Засгийн газарт уламжлаад шаардлагатай бол Монгол банкинд хандаад мэдээллээ авах юм байна гэдгийг хэлсэн. Уг нь хуулиараа лицензээ барьцаалахдаа бүртгүүлэх ёстой байдаг. Гэтэл дийлэнх нь бүртгүүлээгүй байдаг юм билээ.
-А болон Х лиценз эзэмшигчдэд олгох нөхөн олговрын хэмжээг урьдчилан тогтоов уу?
-Хориглосон газартай давхацсан алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын ирүүлсэн судалгааны мэдээлэлд тулгуурлан нөхөн олговрыг урьдчилсан байдлаар тооцсон. Нийт 138 аж ахуйн нэгжийн 246 шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээнд гаргасан зардал, төлсөн татварын дүн 726,320,2 сая төгрөг, бүтээгдэхүүн борлуулж эхэлснээс хойш  санхүүгийн жилийн тайлан¬гуудаар гарсан цэвэр ашиг 92,935,53 сая төгрөг, уурхайн үйл ажиллагаатай холбоотой нөхөн сэргээлт, уурхайн хаалт байгаль орчны мониторингийн зардал 59,838,3 сая төгрөг байна.
-Тэгэхээр нөхөн олговрын хэмжээ урьдчилсан байдлаар хэд гарч байна?
-Нөхөн олговор олгох журмын дагуу ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн давхцсан хэсэгт ногдох нөхөн олговрын хэмжээ урьдчилсан байдлаар 511,043,98 сая төгрөг гэсэн тооцоо гарсан. Гэхдээ байгаль орчинд учруулсан хохирол, өмнө нь эдлүүлсэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, Даатгалын тухай хуулийн дагуу даатгагчаас олгосон буюу олгох даатгалын нөхөн төлбөр зэрэг суутгал, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг биелүүлэхээс залсхийсэн, татвараа төлөөгүй болон банкны салбарт учруулж болзошгүй эрсдэл гэх мэт нөхөн олговроос суутгах дүн зэргийг энэ тооцоонд оруулаагүй. Нөхөн олговрыг олгохгүй байх нөхцөл ч бий. Нөхөн олговрын хэмжээг эцэслэн тооцож батлуулахаар манай яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол банк хамтраад ажиллаж байна.
-Нөхөн сэргээлтийн зардлыг компанид нь үлдээх үү. Нэг га газрыг нөхөн сэргээх зардал хэд орчим болохоор урьдчилсан тооцоо байгаа вэ?
-Алтны шороон ордын 242 талбай бүрээр байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн зардлын хэмжээг тогтоох зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал гарсан. Ингээд холбогдох мэргэжлийн байгууллагын судлаачдыг газар дээр нь ажиллуулан байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг гурван их наяд төгрөг, нөхөн сэргээлтийн зардлын хэмжээг нэг их наяд төгрөг болохоор байгааг холбогдох аргачлалын дагуу тогтоогоод байгаа. Судалгааны дүнгээс үзэхэд нэг га талбайд нөхөн сэргээлт хийх дундаж зардал 12,587 сая төгрөг орчим байхаар байна. Энэ тооцоонд техникийн болон биологийн нөхөн сэргээлт, уурхайн хаалт, хаалтын дараах байгаль орчны мониторингийн зардал багтсан. Эдгээр зардлыг компанид үлдээнэ. Тэгэхгүйгээр тэд яаж нөхөн сэргээлт, хаалтаа хийх вэ дээ. Одоогоор судалгааны ажлынхаа дүнг бодит байдалтай нь уялдуулан нягтлан хянах, эцэслэн гаргах ажлууд явагдаж байна.
-Орхигдсон есөн талбайн координатыг хэзээ ирүүлсэн юм бэ?
-Энэ хууль гараад хоёр жил гаруй болж байна. 233 талбайн координатыг энэ оны долдугаар сарын зургаанд ирүүлсэн бол орхигдсон байсан есөн лицензтэй талбайг оруулаад эцсийн байдлаар 242 талбайн координатыг өнгөрсөн сарын 4-нд ирүүлсэн. Өнгөрсөн сард бүртгэх ажил 80 хувьтай явж байсан, одоо бараг дуусах шатандаа орж байгаа .
Ц.Баяр
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш