logo
Баяртай, Женко!

Баяртай, Женко!

2021/04/28

2017 оны долдугаар сарын зуны халуун өдрүүд. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр шатны санал хураалтын дүнд Халтмаагийн Баттулга Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байв. Миний бие тэр өдрүүдэд оюун ухаант хүний хувьд ямар их санаагаар унаж, үнэт зүйлт улстөрийн амьтны хувьд ямар гүн шархалснаа өчигдөр мэт тодхон санаж байна. Цаг хугацаа урсан өнгөрөх нь үнэн, урсан өнгөрөхдөө аливааг хувьсган өөрчлөх нь үнэн. Тэр зунаас хойш 4 жил урсан өнгөрч, өнгөрөхдөө олон зүйлийг хувьсган өөрчилж, зарим шарх илааршиж, зарим түгшүүр сарнив. Тэр тухай өгүүлэх нь.

2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгч болох үеийн дэлхий ч, Монгол ч олон салаа замын бэлчирт ирээд байв. Дэлхий дахинд ардчиллын хямрал, дарангуйллын гуравдагч давалгаа гэгдсэн чиг хандлага хэдийнээ эхлээд байлаа. Газар сайгүй төрд итгэх итгэл унаж, фанат улстөрийн хүчнүүд олширч, улстөрийн намуудын эдийн засгийн бодлогын чиг баримжаа алдагдаад байв.  Оросын араас Венесуэль, Украйнь, Аргентин, Турк гээд нэрэн дээрээ ардчилсан боловч нидэр дээрээ нэг хүний засаглал олширч, Европт ч Францын “Үндэсний фронт”, Нидерландын “Эрх чөлөөний хөдөлгөөн” зэрэг хэт барууны фанатууд хүч түрэх болж дэлхийн эрх чөлөөний индекс жил дараалан унаж байсан үе. 

Дэлхийн чиг хандлагыг хүлээн авагч орны хувьд Монгол энэ бүхний араас мөр алдахгүй дагаж байв.  Энэ талаар  “Монголын улстөр, эдийн засгийн асуудлууд дэлхийн чиг хандлагаас урган гарсан нь” нийтлэлд дэлгэрэнгүй өгүүлсэн. Онолд неолиберализм гэгдсэн орлогын хэт ялгаа үүсгэдэг эд баялаг, эрх мэдлийн нягтралыг Монголд МАНАН гэж нэрлэх боллоо. Орлогын хэт ялгаа дэлхийн улстөрд хямрал авчирсан лугаа адил Монголд ч ардчилал, зах зээлд итгэх итгэл уруудаж эхлээд байв. Мэдээж энэ хямралыг өөртөө ашигтайгаар эргүүлж тоглох тоглогчид гарч ирнэ. Гол нь тийм тоглогчид өөрсдөө тухайн хямралын гол авторууд байх нь олонтаа. Украйньд Янукович, Орост Путин, Египтэд Морсийн тоглосон дүрийг Монголд Х.Баттулга тоглох учиртай байжээ. 

Женко Баттулга улстөрд муугаар хэлбэл популизм, сайнаар хэлбэл олон нийтийн засаглал ирж байгааг хамгийн түрүүнд олж харсан байдаг. Найруулагч Херо Б.Баатар, яруу найрагч Ц.Хулан, дэлхийд амжилт гаргасан бөхчүүд Аса Д.Дагвадорж, Н.Түвшинбаяр, түүхч Д.Өлзийбаатар, сэтгүүлчид гээд нийгмийн оюун санаа, сэтгэлгээнд нөлөө бүхий дүрүүдээр эртнээс баг бүрдүүлсэн. Улмаар тэдгээр дүрүүд, соёлын төслүүдээр дамжуулан улстөрийн хувьд ардчиллын эсрэг үзэл санаа, эдийн засгийн хувьд коммунист эдийн засгийн суртал ухуулга явуулсаар 2017 оны ерөнхийлөгчийн сонгуультай золгов. Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвших үеэр тэрээр Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг агсан зэрэг улстөрийн голлох хоёр намын нэг  Ардчилсан намын лидерүүдийг тэрхүү зөөлөн капиталын хүчээ ашиглан ерөнхийдөө намнаж дуусаад байв. Гажуудсан ардчилалтай, ардчиллын лидерүүд нь “авсанд” орсон, улстөрд үйлчилдэг урлаг, соёлын салбартай, улам бүр авилгажсан баян төсөвтэй Монгол Улс. Х.Баттулга ийм улсад Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ сонгуулийн сурталчилгаандаа хэт барууны буюу нийгмийн үндэсний олонхийг цөөнхийн эсрэг турхирах цусны үзэл сонгож авав. Тэр нь хэт барууны фанатууд ид хүчийг авч байсан дэлхийн улстөрийг нягт шинжилснийх, эс бол гаднаас зөвлөх авч байсан юм шиг хардлага төрүүлдэг.

Миний хувьд Женко Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход тэгтлээ шархалж, тэгтлээ түгшсэн нь түүний бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл гурав дахь парламент руу орох үетэй давхцсаных. Бусад улс оронд түүн шиг ганцаар дарангуйлах инстинкттэй улстөрч Үндсэн хуулиас хулгайлах замаар эрх мэдлээ бэхжүүлэх явдал газар сайгүй өрнөж, тэр нь тэдгээр улс орны амьдрал, хувь заяанд ямар их гай гамшиг дагуулдаг нь өдөр тутам нүдэн дээр батлагдаж байв.

Харин Монголд гол аюул гажуудсан, авилгажсан улстөрийн тогтолцоог ардчилал гэж нэрлэж явснаас болоод олон нийт аливаа асуудалд ардчиллыг буруутгах болж, нэг хүчтэй удирдагч хүсэмжлэх болоод байв.  2018 онд Монголд 600 гаруй мянган иргэдийн дунд явуулсан судалгаагаар нэг хүчтэй удирдагчийн гарыг илүүд үзэх саналын хувь бараг 70 хувьд хүрээд байснаас харж болно. Ерөнхийлөгч Баттулга ч мэдрэмжтэй улстөрчийн хувьд энэ завшаанд хамаг эрх мэдлийг Ерөнхийлөгчид төвлөрүүлэх санаархал агуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тусдаа төсөл парламент руу оруулж ирэв. Түүний зэрэгцээ Ардчилсан намын араас нэгдсэн төрийн институцүүдийн хүчийг сулруулах,  цаазын ялыг сэргээх улстөр хийх, шүүхэд итгэх итгэл, парламентын нэр хүндийг унагаах зэргээр хаа сайгүй авторитар удирдагчдын хэрэглэдэг түгээмэл технологиудыг хэрэглэж байв.  Тангараг өргөсөн Үндсэн хуулиа зөрчих, төрийн суурь байгууламжид халдах, парламентын ардчиллын эсрэг хийсээр ирсэн улстөр нь ардчилсан сонгуулиар сонгогдсон эрх барих намыг тараахаар Дээд шүүхэд хандсанаар оргилдоо хүрсэн гэж харж байна. 

Тэр утгаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлцэгдсэн 2018, 2019 он үнэт зүйл, үзэл санааны тэмцлийн хоёр жил болж өнгөрсөн билээ. Ямар нэг нам, улстөрөөс хамааралгүй судлаач, хуульч, иргэний нийгмийн залууст тогтмол уулзалдаж, Ерөнхийлөгчийн тамгын газраас явуулж байгаа аливаа тархи угаалт, эрх мэдлийн төлөөх улстөрийн эсрэг ажиллах хэрэгцээ байнга тулгарч байв. Монголын заяа их гэдэг нь зарим талаар үнэн ажээ. Тэр зуур Женко Баттулгын популизм, булчинлаг дүрийг хуваалцах бас нэг дүр улстөрд гарч ирэв: У.Хүрэлсүх. Яг Үндсэн хуулиа хэлэлцэж байсан жилүүдэд Баттулгаас илүү монгол цэрэг, Баттулгаас илүү поп, Баттулгаас илүү өндөр, илүү нэр хүндтэй Ерөнхий сайд төрж, нөгөө туйлд улстөрийн сарнилт үүсгэж өгснөөр парламентад зай чөлөө гарав. Хүрэлсүх гарч ирж улстөрд Женко Баттулгын жин дарж байсан массыг хувааж өгөөгүй бол Үндсэн хуулийн хувь заяа, тэрний цаадах парламентын ардчилал, Монголын ирээдүй хааш чиглэх байсныг хэн ч хэлж эс мэднэ. У.Хүрэлсүх улстөрд хоёр туйл үүсгэхийн зэрэгцээ эрх барих намын бүлэг дээрээ Үндсэн хуулийн зөөлөн төсөл буюу парламентын ардчиллыг дэмжих бодлого барьж өгсөн гавьяатай. Түүнтэй зэрэгцээд ардчилсан итгэл үнэмшилтэй, олон талын эвийг олдог уян хүчтэй Г.Занданшатар парламентыг даргалж байсан нь ч Монголын заяа байлаа.

Ингээд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн “зөөлөн төсөл” батлагдсанаар үндсэндээ Орос, Монголын зам салав. Орос, Монгол хоёр адилхан Ерөнхийлөгчөө хоёр удаа л сонгох хязгаартай Үндсэн хууль баталж гараанаас гарсан байдаг. Харин зам зуурт Орос удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулсаар нэг хүн 6 удаа сонгогдож, ганц Путин 30 гаруй жил буюу 84 нас хүртлээ ерөнхийлөгч хийх боломжтой болсон. Тэр тухайд Ж.Алтансүхийн “Путины Үндсэн хууль” нийтлэлд маш тодорхой өгүүлсэн нь буй. Харин Монголд 6 дахь ерөнхийлөгчөөсөө эхлээд зөвхөн нэг удаа, 6 жилээр сонгох болж, үүнийгээ саяхан Үндсэн хуулийн шүүх буюу Цэц, парламент дээрээ баталгаажуулж авснаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй болов.

Зөвхөн Орос ч биш, сүүлийн гурав дөрвөн жилд Монголын ардчилал олон улсад ч гайхуулах хурдаар урагшилж байна. Хүний дэлхий хоёр гурван мянган жил философи хэлэлцэж, хоёр дэлхийн дайнд сая саяараа үрэгдэж, халширч зүдэрч байж ардчилагдсан билээ. Тэгсэн хэрнээ олон улсад одоо ч энэ тэмдэглэлийн эхэнд дурдсан хямрал, тогтворгүй байдал үргэлжилсээр байна. Тэр талаар “Зүрхэн газрын Монгол” нийтлэлд дэлгэрэнгүй өгүүлсэн. Пандемикийн үеэр ч хаа сайгүй фанатууд, экстримүүд улам гаарах хандлага гараад байна.  Харин язгуурын эрх чөлөөний мэдрэмжтэй, хурдтай нүүдэлчид хурдан ардчилагдаж, тэндээс дарангуйлагч, фанат төрдөг шатыг ч хурдан туулж , тэрнээсээ бас бусдаас түрүүнд салж чадав. Хамгийн гол нь энэ бүхнийгээ дэлхийн олон улсад ажиглагдаж буй үймээн самуун, гудамжны улстөр, зөрчил мөргөлдөөнгүйгээр энх тайван замаар Үндсэн хуулиараа, парламентаараа хийгээд явж байгаа нь хамгийн том амжилт. Одоо Монголын ардчилал Женко Баттулга шиг илт ганцаар дарангуйлах инстинкттэй, тод томруун үзэгдлээс илүү далд хэлбэртэй, сонгуулиар гарсан олонхийн эрх мэдлийг сонгогчид өөрсдөө хянах хэрэгтэй шатанд шилжин орж байна. Түүнээс улстөрийн намуудыг тараах гэх мэт экстримизм Монголын их амар амгаланг эвдэнэ. Арабын хавар, Украйнийн улбар шар зэрэг олон романтик хувьсгал дэлхийд шил даран бүтэлгүйтэж, зарим улс их гүрнүүдийн бодлого дор салан бутрахад хүрсэн. Миний бие Монголын ардчилал аядуу, энх тайван замаар хөгжөөд ирсэн, хөгжөөд явна гэдэгт итгэдэг. Үндсэн хуулиа л манаж байх нь чухал.

Женко Баттулга улстөрд бүгд явган алхаж байхад дугуй унаж үзүүлсэн улстөрч. Гэхдээ тэрээр ганцаар барилддаг бөхийн школоо хаяж чадахгүй ганцаар жийж явсаар түүхээс шахагдаж байна. Монголчууд бид түүн шиг гаж амбиц, ганцаар дарангуйлах хүслийг хөсөр хаяад өөрсдөө машинаа барьж өөр ирээдүйг зүглэх цаг айсуй. Монголын ардчиллын тэсвэрийг шалгаж, дархлаа суулгаж өгсөнд баярлалаа. Баяртай, Женко!

эх сурвалжийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

эх сурвалж: trends.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш