logo
Тавантолгойн нүүрсний баяжуулах үйлдвэрийг гуравдугаар улиралд багтаан барьж эхэлнэ

Тавантолгойн нүүрсний баяжуулах үйлдвэрийг гуравдугаар улиралд багтаан барьж эхэлнэ

2021/04/29

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 28 -ны лхагва гарагт болж, “Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлав.

Тогтоолд Таван толгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус  техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Тавантолгойн ордын нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар ордын үнэ цэнийг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулах нь чухал юм.

Таван толгой нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ сард хэлэлцэн баталсан бөгөөд энэ оны долоодугаар сард багтаан төслийн урьдчилсан зураг төслийг хийж дуусгахаар төлөвлөжээ.

Тус нүүрс баяжуулах үйлдвэр нь тус бүр 10 сая тн/жил хүчин чадал бүхий 3 блокоос бүрдэх бөгөөд үйлдвэрийн бүрэн хүчин чадал нь 30 сая тн/жил байх юм. Төслийн нийт өртөг 911.53 сая ам.доллар, хөрөнгө оруулалтаа 7 жилийн дотор нөхөх өндөр үр өгөөжтэй гэж үзэж буй. Үйлдвэрт Тавантолгойн ордын коксжих, сул коксжих нүүрсийг баяжуулж, хатуу коксжих нүүрсний баяжмал, хагас зөөлөн коксжих нүүрсний баяжмал, мидлингийг гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлнэ.  

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш