МАН, МАХН-ын удирдлагууд өнөөдөр албан ёсоор нэгдэн нийлэх хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Энэхүү үйл явдлыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд өнөөдөр МАХН-аас гарах өргөдлөө албан ёсоор өгөв. Үүнийхээ дараа С.Ганбаатар О.Цогтгэрэл даргатай АН-д элсч, батламжаа гардан авлаа. Зарим эх сурвалж УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АН-аас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нүүдлээ хийж байна гэж дүгнэв.
Тэгвэл энэ асуудалд АН-ын гишүүн Э.Бат-Үүл "Намд маань фэнгшү Ганбаатар элсэж. Дөнгөж ирмэгцээ Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэнэ. Үгүй байлгүй дээ! Нэгд, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлагыг хангахгүй. Хоёрт, АН бол дуртай нь ирээд нэр дэвшээд явдаг хямд Motel биш. Гуравт, АН нь чавесчуудын нам биш, өөр мундаг нэр дэвшигчтэй" гэжээ.
Мөн АН-ын дарга асан С.Эрдэнэ "Аливаа асуудлыг дүрмийн дагуу шийдвэрлэдэг байх ёстой! УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч АН-д элслээ гэжээ. АН-д хэн нэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэж хүнийг элсүүлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Дүрмийн бус хэсэг бүлэг хүмүүс АН-ыг төлөөлөх эрхгүй" гэжээ.