logo
МАН, МАХН хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо

МАН, МАХН хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо

2021/04/30
Энэ сарын 29-ний өдөр МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа цахимаар боллоо. Хоёр намын  хамтарсан ажлын хэсгээс боловсруулсан 6 бүлэг, 33 зүйл бүхий гэрээг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд  зохион байгуулав.


 
Уг хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх,  Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга,  нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн  МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нараас  гадна хоёр намын 300 мянган гишүүд дэмжчигдийн төлөөлөл оролцсон юм. 

Монгол Улсад парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Хүн биш хууль засагладаг” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх, гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн МАН, МАХН нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилтыг дэвшүүлж, хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажилласан билээ.

Тус ажлын хэсгээс Монгол Улсын  хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан  10 зорилт бүхий  хамтарсан уриалгыг 2021 оны 3 сарын 17-ны өдөр гарган нийт намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэн 90 гаруй хувийн дэмжлэгийг авсан юм.

Ийнхүү хамтарсан ажлын хэсгээс намуудын нэгдэн нийлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль, намын дүрмийн дагуу зохион байгуулах “МОНГОЛ АРДЫН НАМ, МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ НЭГДЭН НИЙЛЭХ ГЭРЭЭ”-г боловсруулан 2021 оны 04 сарын 29-ний өдөр 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд цахим уулзалтыг зохион байгуулан уг гэрээг ёсчлон баталлаа.




 
Цахим хуралдааныг нээж МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ,  хоёр нам нэгдэхээр болсон нь  түүхэн  үйл явдал болохыг тэмдэглэж,  үнэт зүйл нэгтэй намууд хамтран ажиллах нь  нийгмийн шаардлага байсныг  дурдаад нэгдмэл нэг эрх ашигтайгаар ажиллахыг уриаллаа. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН МАХН-гүй, МАХН МАН-гүйгээр бүтэн биш хэмээн тодотгоод хоёр намын нэр, зорилго төдийгүй үйл хэрэг нэг боллоо гэсэн юм.   

Цахим  хуралдаанд оролцсон гишүүд, дэмжигчид   үзэл бодол, угшил гарвал нэгтэй хоёр нам нэгдэн нийлэх нь цагаа олсон ажил болсныг  хэлж байв. Хоёр намын хамтын ажиллагааны гэрээнд  Монгол Улсад ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, эдийн засгаа хүчирхэгжүүлж бие даасан хараат бус байдлыг бататгах, бүс нутгийн төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орон болох зорилт,   намын шат шатны байгууллагуудад үйл ажиллагаагаараа нэгдэн нийлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх талаар тодорхой тусгав.

МАН,МАХН нэгдэн нийлснээр улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоон байгуулах сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт бүрэн итгэж буйгаа ч хоёр намын удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр мэдэгдлээ. Мөн Монгол Улсад парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “ХҮН БИШ ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх,  Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилтыг дэвшүүлж байгаа юм гэж Монгол ардын намаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш