logo
Эмгэнэл

Эмгэнэл

2021/05/06
ГЭНДЭНСҮРЭНГИЙН СҮХБАТ
/1963-2021/

Бидний дотны анд, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул Гэндэнсүрэн овогтой Сүхбат 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр өвчний учир зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрээр  1963 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод  төрж, 1979 онд Хөвсгөл аймгийн нэгдүгээр 8 жилийн сургуулийг төгсч,  1979-1983 онд Дархан хотын Политехникумд суралцан, өрмийн механикч мэргэжил эзэмшсэн.

Г.Сүхбат нь 1983-1990 онд Хөвсгөл аймгийн Геологийн зураглалын экспидицэд өрмийн мастер, бригадын даргаар 1990-1993 онд  Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Ханх сумын Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Тэрээр залуучуудын байгууллагыг манлайлан ажиллаж,  1991-1992 онд  Болгар улсад мэргэжил дээшлүүлсэн юм.

Г.Сүхбат нь 1993 оноос гадаад худалдааны чиглэлээр  хувиараа бизнес эрхэлж байгаад 2003 онд “БЦХ” ХХК-ийг байгуулж, 2014 онд  компаниа өргөтгөн барилга угсралтын “Акмихолдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж байжээ. Тэрээр Монгол Улсын барилгын салбарт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан, бүтээлч, хөдөлмөрч нэгэн байлаа.  Г.Сүхбат нь “Акмихолдинг” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллан,  хамт олноо удирдаж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших “Циркийн 20 айлын орон сууц”, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн барилга, Чингэлтэй дүүрэг, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, Баянзүрх дүүргийн 23-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн барилга, Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилга, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын барилга, Цогт-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн Сурагчдын дотуур байрыг барьж, Үндэсний номын сангийн барилгын бүтээн байгуулалтын ажилд хөдөлмөр бүтээлээ зориулж байсан юм.

Түүний  улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж МХЗЭ-ийн “Тэргүүний залуу” алтан медаль, “Хөдөлмөрийн алдар” медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, “ Монгол Улсын Тэргүүний  барилгачин” цол тэмдэг,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас  одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байсан юм.

Тэрбээр Монголын бизнесийн салбарынхан, хамт олон, найз нөхдийнхөө дунд өндөр нэр хүндтэй, нутаг орноо гэсэн халуун дулаан сэтгэлтэй,  залуусыг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь сэтгэл харамгүй тусалж дэмждэг, өөдрөг, өгөөмөр, тусархуу, найрсаг нэгэн байлаа.

Таны ажилч хичээнгүй, хүнлэг нөхөрсөг, хөдөлмөрч, манлайлагч, сурган хүмүүжүүлэгч, элэгсэг дотно, төлөв түвшин дөлгөөн гэгээн дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Түүний ээж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
 
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш