Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр (2021.05.05) 23.45 минутад шуурхай хуралдаанаас үүрэг болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсэг АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн баримт бичгийг нягтлан шалгасны эцэст бүртгэл хийлээ.
Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2-т “УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж хуульчилсны дагуу Монгол Улсын Дээд шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хүлээн авчээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос АН-ыг Үндсэн хуулиа дээдлэн, иргэний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүний нэр дэвшүүлж, баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд ирүүлэхийг мэдэгдсэн байсан юм. Энэ дагуу АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийн холбогдох бичиг баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбөяр мэдээлсэн. Ингээд СЕХ С.Эрдэнийн материалыг хүлээн авсан байна.
С.ЭРДЭНЭ, Н.АЛТАНХУЯГ НАРЫН БАРИМТ БИЧГИЙГ ШАЛГАЖ БАЙНА ГЭВ
СЕХ-ноос өчигдөр өглөө намуудаас нэр дэвшигчээ бүртгүүлэхтэй холбоотойгоор О.Цогтгэрэлийн талын АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээн авахаас татгалзаж, хоёр тал дотоод асуудлаа шийд хэмээгээд буцаасан. Үүнийг эсэргүүцсэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд талбайд өлсгөлөн зарласан.
С.Эрдэнийг ч бас өчигдөр өглөө бүртгэхээс татгалзаж хоёр тал дотоод асуудлаа шийд гэж буцаасан. СЕХ-ны хуралдаанаас өгсөн үүргийн дагуу АН-аас нэр дэвшихээр хандаад буй С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын материалыг нягтлан шалгаж байна гэж мэдээлсэн.
АН-аас Содномзундуйн Эрдэнэ, Норовын Алтанхуяг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэр дэвшүүлсэн байх тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг үндэслэн тэдний бүртгэлтэй холбоотой баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) хүлээж авахыг түр хойшлуулсан билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т “УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан.
Иймд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Ардчилсан намыг Үндсэн хуулиа дээдлэн иргэний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүний нэр дэвшүүлж баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд ирүүлэхийг мэдэгдэж байв.
АН дотоод учраа олж гэж СЕХ үүрэг өгсөн боловч Н.Алтанхуягийн тал Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, С.Эрдэнийн тал холбогдох бичиг баримтаа өгсний дагуу тус намын хэн дээр бүртгэл хийгдсэн эсэх Дээд шүүхийн холбогдох бичиг баримтад үндэслэн СЕХ хуульд заасан хугацаанд багтан С.Эрдэнийг бүртгэсэн байна.
Б.АНХМАА